3 1Тиймд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нар аа, бидний хүлээн зөвшөөрдөг Элч ба Тэргүүн Тахилч болох Есүсийг бодогтун. 2Түүний [бүх] гэрт Мосе итгэмжит байсны адил Тэр Өөрийг нь Томилсон Нэгэнд итгэмжит байсан юм. 3Учир нь барилгачин барилгаасаа илүү хүндэтгэл хүлээдгийн адил Мосегээс илүү их алдрыг Тэр хүртэх зохистой хэмээн тооцогдсон юм. 4Учир нь аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсын барилгачин бол Бурхан мөн. 5Учир нь хожим яригдах байсан тэдгээр зүйлсийн гэрчлэлийн төлөө Мосе үйлчлэгч болохынхоо хувьд Түүний бүх гэрт итгэмжит байсан. 6Харин Христ Хүү нь болохын хувьд Түүний гэрт итгэмжит байсан юм. Хэрэв бид өөрсдийнхөө зориг болон найдварын сайрхлыг эцэс хүртэл бат сахивал бид Түүний гэр мөн байна.
7Тиймээс Ариун Сүнс
“Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас,
8Цөл дэх сорилтын өдөр уурлуулсны адил
Та нар зүрхээ бүү хатуу болго.
9Тэнд та нарын эцгүүд сорилтоор Намайг сорьж,
Дөчин жилийн турш Миний үйлсийг харсан.
10Тиймд Би энэ үеийнхэнд уурлаж,
“Тэд зүрхэндээ үргэлж төөрөлддөг.
Тэд Миний замыг мэдсэнгүй” гэж айлдав.
11“Тэд Миний амралтад орохгүй” гэж Би хилэгнэн андгайлав” 12Ах дүү нар аа, та нарын дотроос хэн нэг нь бузар, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий гэдгээс болгоомжлогтун. 13Харин “Өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биеэ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий. 14Учир нь хэрэв бид бат итгэлийнхээ эхлэлийг эцэс хүртэл бат сахивал Христийн хуваалцагчид болсон байна. 15Энэ нь
“Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас,
Түүнийг уурлуулсны адил та нар зүрхээ бүү хатуу болго” 16Учир нь сонссон атал Түүнийг уурлуулсан нь хэн билээ? Үнэндээ Мосегээр хөтлүүлэн Египетээс гарсан тэд бүгдээрээ биш гэж үү? 17Тэр дөчин жилийн турш хэнд уурласан бэ? Нүгэл үйлдэж, цөлд унасан тэдгээр хүмүүст уурласан биш үү? 18Өөрийнхөө амралт уруу оруулахгүй гэж Тэр хэнд андгайлсан бэ? Дуулгаваргүй байсан тэдэнд биш үү? 19Итгэлгүй учир тэд орж чадаагүйг бид мэднэ.