8 1Бидний хэлсэн зүйлсийн дүгнэлт нь тэнгэр дэх Сүр жавхлант Нэгэний хаан ширээний баруун гарт заларсан тийм Тэргүүн Тахилч бидэнд байгаа явдал мөн. 2Тэрээр ариун газрын болон жинхэнэ асрын үйлчлэгч болсон юм. Уг асрыг хүн бус, харин Эзэн босгожээ. 3Учир нь тэргүүн тахилч бүр бэлэг хийгээд тахилыг өргөхийн тулд томилогдсон байдаг тул энэ тахилч ч мөн өргөх ямар нэгэн юмтай байх хэрэгтэй. 4Хэрэв Тэр газар дээр байсан бол тахилч биш байх байсан. Яагаад гэвэл Хуулийн дагуу бэлгүүдийг өргөдөг хүмүүс байсан. 5Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэрт үйлчилдэг. Ингэхдээ Мосег асрыг босгож дуусгах гэж байхад нь түүнд хэрхэн сануулсанчлан үйлчилдэг. Учир нь Тэр “Чамд уулан дээр харуулсан загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм. 6Харин эдүгээ Тэр гойд сайн үйлчлэлийг хүлээн авсан бөгөөд тийнхүү илүү сайн амлалтууд дээр тогтоосон илүү сайн гэрээний зууч мөн.
7Хэрэв тэрхүү анхны гэрээ гэм зэмгүй байсансан бол хоёрдахийг нь хайх шалтаггүй байх байсан. 8Учир нь Тэр тэднээс гэм зэм олоод
“”Харагтун, Би Израилийн гэр ба Иудагийн гэртэй
Шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна” гэж Эзэн айлдаж байна.
9“Энэ нь Би тэднийг Египетийн нутгаас дагуулан гарахаар гараас нь хөтөлсөн тэр өдөр
Эцгүүдтэй нь байгуулсан гэрээтэй адилгүй юм.
Яагаад гэвэл тэд Миний гэрээн дотор байгаагүй бөгөөд
Би тэднийг үл хайхрав” гэж Эзэн айлдаж байна.
10Эзэн ийн айлдаж байна.
“Учир нь тэр өдрүүдийн дараа
Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм.
Би Өөрийн хуулиудыг тэдний ухаан санаанд оруулж,
Би тэдний зүрхэнд бичнэ.
Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болно.
11Тэд нутгийнхандаа болон өөрийн ах дүү болгонд
“Эзэнийг мэд” гэж сургахгүй.
Яагаад гэвэл хамгийн өчүүхнээсээ хамгийн агуу нь хүртэл бүгд Намайг мэдэх болно.
12Яагаад гэвэл Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана.
Би цаашид тэдний нүглүүдийг дурсахгүй”” 13Тэр “шинэ” гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.