11 1Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. 2Учир нь урьдын хүмүүс түүгээр гэрчлэлийг хүлээн авсан аж.
3Бурханы үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийнхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодог.
4Итгэлээр Абел Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвт байсан гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Хэдийгээр тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна. 5Итгэлээр Енох үхлийг үзэлгүй дээш аваачигдсан. Бурхан түүнийг дээш аваачсан учраас тэр олдсонгүй. Тэр аваачигдахынхаа өмнө Бурханд таалагдсан тул гэрчлэл хүлээн авчээ. 6Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. 7Итгэлээр Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө хөвөгч авдрыг сүсэглэн бэлдсэн бөгөөд тэр түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.
8Итгэлээр, Абрахам дуудагдахдаа өв болгон хүлээн авах гэж байсан нутаг уруу явснаар дуулгавартай дагав. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав. 9Итгэлээр тэр адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд нутаглаж, амлалтын газарт харийн хүн мэт, харийн нутагт байгаа мэт амьдарсан. 10Учир нь Абрахам суурь бүхий хотыг хүлээж байсан юм. Тэр хотын уран барилгачин ба барилгачин нь Бурхан мөн. 11Итгэлээр, Сара хүртэл хэдийгээр нас нь хэтэрсэн боловч үртэй болох хүчийг авсан байна. Учир нь тэр Амлагчийг итгэмжит гэж үзсэн юм. 12Тиймд мөн нэгэн эрээс, тэгэхдээ үхсэнээс өөрцгүй түүнээс тэнгэр дэх одод мэт, тэнгисийн эргээрх элс адил тоолж баршгүй олон үрс заяажээ.
13Тэд бүгд амлалтуудыг хүлээж авалгүй, харин холоос тэдгээрийг харж, мэндчилж, өөрсдийгөө дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд гэдгийг хүлээн зөвшөөрөн итгэл дотор нас барсан билээ. 14Учир нь тийн ярьдаг хүмүүс нь өөрсдийн нутгийг хайж байгаагаа тодорхой харуулдаг. 15Үнэндээ, хэрэв тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан. 16Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. Тиймээс Бурхан нь тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ тэднээс ичээгүй юм. Учир нь Тэр тэдний төлөө хотыг бэлджээ.
17Итгэлээр, Абрахам соригдохдоо Исаакийг тахил болгон өргөв. Амлалтуудыг хүлээн авсан тэрээр өөрийн ганц хүүгээ өргөсөн. 18Энэ нь түүнд “Исаак дотор чиний удмынхан хэмээн нэрлэгдэнэ” гэж айлдсан хүү нь байлаа. 19Бурхан бол үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн бөгөөд тэр хүүгээ ийнхүү амилуулагдсан мэт буцаан авсан юм. 20Итгэлээр Исаак ирэх зүйлсийнх нь талаар Иаков, Есав нарыг ерөөжээ. 21Итгэлээр, Иаков нас барж байхдаа Иосефын бүх хөвгүүнийг ерөөгөөд, таягаа тулж Бурханд мөргөсөн юм. 22Итгэлээр, Иосеф нас барж байхдаа Израилийн хөвгүүд дүрвэх тухай дурдаж, өөрийнх нь ясыг хаана тавихыг гэрээсэлсэн билээ.
23Итгэлээр, Мосе төрөхөд түүнийг эцэг эх нь гурван сарын турш нууж байлаа. Учир нь тэд хүүгийнхээ сайхныг харж, хааны зарлигаас айгаагүй. 24Итгэлээр, Мосе эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. 25Нүглийн цаг зуурын жаргалыг эдэлснээс Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. 26Христийн төлөөх буруутгал нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагнал уруу харж байлаа. 27Итгэлээр, Мосе хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ. 28Итгэлээр тэр Дээгүүр Өнгөрөх баярыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгасан нэгэн нь тэдэнд хүрэхгүй юм. 29Итгэлээр, тэд хуурай газраар явж байгаа юм шиг Улаан тэнгисийн дундуур гарсан. Египетчүүд түүгээр нь гарахыг завдахад тэнгис залгив. 30Итгэлээр, Иерихогийн хэрмийг долоон өдрийн турш тойрсны дараа тэр нуржээ. 31Итгэлээр, янхан эм Рахаб туршуулуудыг амар тайван зочилсны дараа дуулгаваргүй хүмүүстэй хамт амь үрэгдээгүй юм.
32Би бас юу ярих вэ? Хэрэв би Гидеон, Барак, Самсон, Иефта, Давид, Самуел болон эш үзүүлэгчдийн тухай яривал надад цаг хүрэлцэхгүй. 33Тэд итгэлээр хаанчлалуудыг эзэлж, зөвт байдлыг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж, 34галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа. 35Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амилалтаар буцаан авч байв. Зарим хүмүүс илүү дээр амилалтад хүрэхийн тулд золилтыг хүлээж авалгүй тамлагдсан юм. 36Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм, бас гинжлэгдэн, хоригдож байлаа. 37Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ. 38Тэд цөл, уул, агуй болоод газрын нүх сүвээр тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.
39Итгэлээрээ тэд бүгдээрээ сайн гэрчлэлийг олоод, амлагдсаныг хүлээн аваагүй аж. 40Яагаад гэвэл Бурхан бидний төлөө илүү дээр ямар нэгэн юмыг урьдаас харж байсан. Ингэснээр тэд бидэнгүйгээр төгс болгогдох ёсгүй юм.