9 1Энэ бүхнийг би зүрхэндээ авч, шударга бөгөөд ухаантай хүмүүс, тэдний алив үйлс нь Бурханы гарт л байдгийг тайлбарлан хэлэх байна. Хүн өмнө нь байгаа хайр, үзэн ядалт хоёрыг үл ялгадаг ажээ.
2Энэ нь бүгдэд адилхан байдаг. Шударга ба хилэнцэт, сайн, ариун ба бузарт, тахил өргөдөг ба тахил өргөдөггүй аль алинд нь нэг л хувь заяа байх аж. Сайн хүн ба нүгэлтэн, тангараг өргөгч ба тангараглахаас эмээгч нэгэнд ч бас өөрцгүй болой. 3Наран доорх бүх юмсад буюу бүх хүнд нэг л хувь зохиол байдаг нь бузар юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох ажээ. 4Үхсэн арслангаас амьд нохой дээр байдаг нь гарцаагүй. Амьд байгсдын дунд байгаа хэнд ч гэсэн найдлага бий. 5Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй. Учир нь тэдний нэр мартагдах болно. 6Тэдний хайр, хорсол, атаа жөтөө хэдийн мөхөж, наран доор хийгддэг үйлсэд тэд цаашид үл оролцох бөлгөө.
7Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, өөрийн талхыг хөгжилтэйгөөр ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу! 8Цаг үргэлжид хувцас тань цагаан байг, толгой дээр чинь үргэлж тос байг. 9Наран доор Түүний чамд өгсөн утгагүй амьдралынхаа бүх л өдрүүдэд өөрийн хайрт эмэгтэйтэй жаргалтайгаар амьдрагтун. Энэ нь наран доорх чиний хөдөлмөр болон амьдралд чинь чамд шагнал болно.
10Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй. 11Би наран доор дахин харсан зүйл бол хурдан гээд уралддаг юм биш, эрэлхэг хүн гээд ялалт ирдэг юм биш, мэргэд гээд талхтай байдаг юм биш, ухаантнууд гээд эд баялагтай байдаг юм биш, ур дүйтэй гээд чадвар заяадаг юм биш, харин цаг үе хийгээд боломж л тэр бүгдэд хамаатай ажээ. 12Шувуу урхинд, загас торонд орохын адил хүний хөвгүүд гэнэт хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гэнэт нөмрөн буудаг аж. Өөрөөр хэлбэл хүн өөрийн цаг үеийг үл мэддэг ажээ.
13Наран доор бас нэг мэргэн ухааныг би харсан бөгөөд энэ нь надад эрхэм санагдсан. 14Цөөвтөр хүнтэй нэгэн жижиг хот уруу хүчирхэг хаан довтолж, бүслэн аваад их хориглолт барьжээ. 15Гэтэл тэр хотод нэгэн мэргэн ядуу хүн олдож, мэргэн ухаанаараа хотыг аварсан боловч, тэр ядуу эрийг хэн ч дурссангүй. 16“Мэргэн ухаан хүч чадлаас илүү” хэмээн би үзсэн боловч, ядуу хүний мэргэн ухаан үзэн ядагдаж, үг нь анхаарал эс татна. 17Тэнэгүүдийн дунд хашхирах захирагчаас намуухан ярих мэргэдийн үгс илүү ажээ. 18Мэргэн ухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй боловч нэг нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.