4 1Наран доор үйлдэгдэх дарамт дарлалын бүх үйлдлийг дахин би харлаа. Дарлагдагсдын нулимсыг харж байхад тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулах хүн алга байв. 2Тиймээс одоог хүртэл амьд байгсдаас хэдийн насан өөд бологсдыг би илүүд үзэв. 3Гэвч наран доор хийгддэг бузар үйлийг хэзээ ч хараагүй, эсвэл амьгүй төрсөн нэгэн нь мөнөөх хоёроосоо ч илүү дээр аж.
4Аливаа үйлс дэх хөдөлмөр ба амжилт нь хөршүүдийн хоорондох өрсөлдөөний шалтгаан болдог. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж. 5Тэнэг хүн гараа хумхин, өөрийнхөө махыг иднэ. 6Хоёр гараа дүүргэхээр шаргуу хөдөлмөрлөж, салхины хойноос хөөцөлдсөнөөс нэг л гар дүүрэн сул амарч байсан нь дээр.
7Дараа нь би наран доор дахин нэг хоосныг үзэв. 8Хөвгүүнгүй, дуугүй, татлаа түлхээгүй нэгэн эр байсан бөгөөд түүний хөдөлмөрт эцэс төгсгөл гэж алга байв. Түүний нүд нь хэзээ ч баялагт ханасангүй. “Би хэний төлөө хөдөлмөрлөж, санаа сэтгэлээ золиослон байна вэ?” гэж асууж байсангүй. Энэ нь мөн л хоосон бөгөөд эмгэнэлтэй алба мөн.
9Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. Тэгвэл тэд ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно. 10Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөхрөө босгоно. Харин ганцаар байгч унахын цагт түүнийг босгох хүн үгүй тул хөөрхийлөлтэй. 11Түүнчлэн хэрэв хоёулаа хамтдаа хэвтэх аваас дулаахан байдаг бол харин ганцаараа хэрхэн дулаацах билээ? 12Гоонь хүнийг хэн нэгэн нь дийлж чадах бөгөөд хоёул байх аваас түүнийг няцааж чадна. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй.
13Сануулгыг хэрхэн хүлээн авахыг мэдэхээ байсан тэнэг хөгшин хаанаас хэдий ядуу ч ухаантай залуу нь дээр буюу. 14Хэдийгээр тэр залуу мөнөөх хааны гүрэнд ядуу төрсөн ч, тэрээр шоронгоос гарахдаа хаан болдог юм. 15Түүнийг залгамжлагч хоёр дахь залуугийн талд наран доорх амьдрагсад бүгд бөөгнөрөхийг би харсан. 16Тэдний өмнө байсан бүх хүнд хязгаар байхгүй. Харин хожим ирэгсэд нь мөнөөх залууг таашаахгүй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил болой.