12 1Хүнд өдрүүд ирж “Энэ амьдралд жаргал үзсэнгүй” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун. 2Тэр үед нар, гэрэл, сар, одод харанхуйлан борооны дараа үүлс эргэн хургадаг. 3Орон гэрээ хамгаалдаг байсан эр чадал нь хумигдаж, салганадаг болж, цөөхөн хэдэн шүднүүд нь үүрэггүй хоцорч, чи цонхоор харж, уйтгарт автагдах цаг ирнэ. 4Хаалганы цаадахыг сонсохоо больж, гурилын тээрмийн дуу таны хувьд чимээгүй болж, тахиа донгодоход сэрэх авч, шувуудын жиргээнийг та үл сонсох болно. 5Өгсүүр газраас зүрхшээж, замаар явах ч аймшигтай санагдаж, толгой тань бууралтаж, бие хаа чинь даагдахгүй болно. Дараа нь мөнхийн гэртээ одоход чинь гашуудагсад гудамжаар алхах болно. 6Мөнгөн утас тасарч, алтан аяга хэмхрэн, худгийн хүрд тасрах, хувин бутарч унахаас өмнө Түүнийг санагтун. 7Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу. 8Номлогч хэлэхдээ “Хоосноос хоосон бөгөөд бүгд хоосон” гэв.
9Номлогч мэргэн ухаантан байсан бөгөөд ард олныг мэдлэгт сургав. Тэр бүгдийг туршиж, судалснаар олон сургаалт үгсийг цэгцэтгэв. 10Номлогч онч мэргэн үгсийг эрэлхийлэн байж, үнэний үгсийг зөвөөр нь бичжээ.
11Мэргэдийн үгс нь болбоос зүү буюу хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчноор өгөгдсөн ажгуу. 12Энэ бүхнээс гадна хүү минь “Их ном зохиоход төгсгөл үгүй ба үлэмж их унших нь биенд халтай” гэдгийг санаж явтугай.
13Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. 14Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно.