9 1ЭЗЭНий үгийн сануулга нь Хадрахын нутгийн эсрэг бууж, Дамаск дээр үлдэнэ (Учир нь хүмүүсийн нүд, ялангуяа Израилийн бүх овгийн нүд ЭЗЭН уруу хандана).
2Мөн түүгээр хиллэдэг Хамат болон хэдийгээр өөрийгөө ухаантай гэдэг боловч
Тир, Сидоны ч эсрэг байна.
3Тир өөртөө бэхлэлт босгон, мөнгийг шороо мэт,
алтыг гудамжны тоос мэт овоолно.
4Үзэгтүн, Эзэн түүнээс эзэмшлийг нь аван,
эд баялгийг нь далайд хаяна.
Тэр галд шатаагдана.
5Ашкелон үүнийг хараад айх болно.
Газ өвчиндөө шаналан зовж,
бас Екроны хувьд найдвар нь тасарлаа.
Газаас хаан нь устаж,
Ашкелонд хүн суурьшихаа байна.
6Ашдодод эрлийзүүд суурьшин,
филистчүүдийн бардамналыг Би тастана.
7Би тэдний амнаас цусыг нь, шүднүүдийнх нь завсраас жигшмээр юмсыг нь зайлуулна.
Тэгээд бас тэд манай Бурханы төлөө үлдэж,
Иудагийн тэргүүлэгч мэт байна.
Екрон нь иебусчууд шиг болно.
8Гэвч цэргүүд болон үүгээр өнгөрөн
буцагчаас болж Би Өөрийн өргөөг тойруулан хүрээлнэ.
Одоо Би Өөрийн мэлмийгээр харсан учир
ямар ч дарлагч дахин тэдний дээгүүр гарахгүй.
9Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун!
Иерусалимын охин оо!
Ялалтын уухай хадаагтун!
Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна.
Тэр бол зөв шударга, ялагдашгүй,
даруу бөгөөд илжиг унажээ.
Илжигний унага болох дудран унажээ.
10Би Ефраимаас тэргийг нь,
Иерусалимаас морийг нь тастана.
Дайны нум тастагдана.
Тэр үндэстнүүдэд энх тайвныг тунхаглаж,
Түүний ноёрхол тэнгисээс тэнгис,
Евфратаас газрын мухарт хүртэл орших болно.

11Мөн чиний хувьд ч гэсэн,
Миний гэрээний цус чамтай хамт байгаа учир
Би чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө.
12Найдварын хоригдлууд аа!
Бэхлэлт уруу буцагтун.
Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ яг энэ өдөр Би тунхаглаж байна.
13Иудаг Би Өөрийн нум болгон татаж,
нумаа Ефраимаар дүүргэнэ.
Грек ээ! Чиний хөвгүүдийн эсрэг
Сион чиний хөвгүүдийг Би турхирна.
Би чамайг дайчны илд мэт болгоно.
14Тэгээд ЭЗЭН тэдний дээр үзэгдэн,
Түүний сум аянга мэт харвана.
Эзэн БУРХАН бүрээгээ үлээж,
өмнөдийн хүчит шуурганаар давшина.
15Түмэн цэргийн ЭЗЭН тэднийг хамгаална.
Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ.
Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно.
Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж, тахилын ширээний өнцгүүд мэт норно.
16Тэдний Бурхан ЭЗЭН тэр өдөр тэднийг Өөрийн ард түмний сүрэг шиг аврах болно.
Учир нь тэд титмийн чулуу мэт Түүний нутагт гялалзах болно.
17Тэд ямар үзэсгэлэнтэй, хөөрхөн байх бол оо!
Үр тариа залуусыг хөгжөөж, шинэ дарс онгон охидыг баясгана.