12 1Израилийн талаар ЭЗЭНий үгийн сануулга. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна. 2“Үзэгтүн, Би Иерусалимыг эргэн тойрны бүх ард түмнүүдийг эргэлдүүлэх аяга болгоно. Иерусалимыг бүслэх цагт энэ нь мөн Иудагийн эсрэг байх болно. 3Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна. 4Тэр өдөр Би хүлэг бүгдийг самууруулан, морьтонгуудыг нь галзууруулан цохино. Харин ард түмнүүдийн морь бүрийг сохлон цохих зуур Би Иудагийн гэрийн дээгүүр харуулдах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 5Иудагийн тэргүүлэгчид зүрхэндээ “Иерусалимын оршин суугчид бол тэдний Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНээр дамжуулан бидэнд хүчирхэг тусламж болдог” гэлцэнэ. 6Тэр өдөр Би Иудагийн тэргүүлэгчдийг зэрэглэсэн модон дундах галт тогоо мэт, юүжилсэн тариан дундах галт бамбар мэт байлгана. Тэд баруун, зүүн гар дахь эргэн тойронд буй бүх ард түмнүүдийг түймэрдэх зуур Иерусалимын оршин суугчид төрөлх хотдоо дахин суурьшина. 7Давидын гэрийн алдар, Иерусалимын оршин суугчдын алдар нь Иудагаас өндөрт өргөгдөхгүй байхын тулд эхлээд ЭЗЭН Иудагийн майхнуудыг аварна. 8Тэр өдөр ЭЗЭН Иерусалимын оршин суугчдыг хамгаална. Тэдний дундах дорой нэг нь тэр өдөр Давид мэт болж, Давидын гэр Бурхан мэт, тэдний өмнө ЭЗЭНий тэнгэр элч мэт байх болно. 9Тэр өдөр Би Иерусалимын эсрэг ирэх бүх үндэстнийг устгахыг эрмэлзэнэ.
10Би нигүүлслийн, гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд өөрсдийн жадалсан Намайг харна. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно. 11Тэр өдөр Иерусалимд асар их гашуудал болох нь Мегиддогийн тал дахь Хададриммоны гашуудал мэт байх юм. 12Газар нутаг гашуудан, ураг бүр ургаараа, Давидын гэрийн ураг өөрөөрөө, тэдний эхнэрүүд өөрсдөөрөө, Натаны гэрийн ураг өөр өөрсдөө, тэдний эхнэрүүд нь өөрсдөөрөө, 13Левийн гэрийн ураг өөр өөрсдөө, тэдний эхнэрүүд өөрсдөөрөө, Шимеигийн ураг өөр өөрсдөө, тэдний эхнэрүүд нь өөрсдөөрөө, 14үлдсэн бүх ургууд, ураг бүр өөр өөрсдөө, эхнэрүүд нь өөрсдөөрөө гашуудна.