3 1Дараа нь тэр надад ЭЗЭНий тэнгэр элчийн өмнө зогсож буй тэргүүн тахилч Иошуаг болон түүнийг буруутгахаар баруун гар талд нь зогсож буй Сатаныг үзүүлэв. 2ЭЗЭН Сатанд
-Сатан аа! ЭЗЭН чамайг буруушааж байна. Үнэхээр Иерусалимыг сонгосон ЭЗЭН чамайг буруушааж байна. Энэ бол галаас авагдсан тамга бус уу? гэв. 3Иошуа бузар муу хувцас өмссөн байх бөгөөд тэнгэр элчийн өмнө зогсож байв. 4Тэнгэр элч өөрийнхөө өмнө зогсогчдод хандан
-Түүнээс бузар муу хувцсыг нь тайлан ав гээд түүнд дахин
-Харагтун, Би чиний гэм бурууг чамаас авч, ёслолын дээлээр чамайг хувцаслана гэв. 5Дараа нь би
-Түүний толгой дээр тэд цэвэр малгай тавиг гэсэнд тэд ЭЗЭНий тэнгэр элчийг зогсож байх зуур түүний толгой дээр цэвэр малгай тавьж, түүнд хувцас өмсгөв.
6ЭЗЭНий тэнгэр элч Иошуад сануулан
7-Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Хэрэв чи Миний замаар алхаж, Миний үйлчлэлийг гүйцэтгэвэл чи мөн Миний гэрийг захирч, мөн Миний шүүхийг хариуцах болно. Энд зогсогчдын дунд чөлөөтэй орох эрхийг Би чамд соёрхоно. 8Одоо сонсогтун. Тэргүүн тахилч Иошуа чи болон чиний өмнө сууж буй найз нар чинь, үнэхээр тэд бол билэгдэл болох хүмүүс юм. Үзэгтүн, Би Өөрийн зарц Мөчирийг авчрах гэж байна. 9Иошуагийн өмнө Миний тавьсан чулууг үзэгтүн. Нэг чулуун дээр долоон нүд. Үзэгтүн, Би түүн дээр бичээс сийлнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад “Ганц өдрийн дотор тэр газрын гэм бурууг Би зайлуулна. 10Тэр өдөрт танай хүн нэг бүр хөршөө өөрийн усан үзмийн мод, инжрийн модны доор суулгахаар урих болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.