10 1Ах дүү нар аа, миний зүрх сэтгэлийн хүсэл болон тэдний төлөө Бурханд хандах миний залбирал нь тэдний аврал билээ. 2Тэд Бурханы төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш хэмээн би тэднийг гэрчилдэг. 3Учир нь Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав. 4Учир нь итгэдэг хүн бүрд зөвт байдлын төлөө Христ бол хуулийн төгсгөл мөн. 5Учир нь хуулиас ирдэг зөвт байдлыг хэрэгжүүлдэг хүн тэрхүү зөвт байдлаар амьдарна гэж Мосе бичжээ. 6Харин итгэлээс ирдэг зөвт байдал нь ийнхүү ярьдаг. “Зүрхэн дотроо “Хэн тэнгэрт гарах вэ?” гэж бүү хэл” (Энэ нь Христийг доош авчрахын тулд юм) 7Эсвэл “”Хэн ёроолгүй гүнд буух вэ?” гэж бүү хэл”. (Энэ нь Христийг үхэгсдээс босгохын тулд юм) 8Харин энэ нь юу хэлдэг вэ? “Үг нь чамд ойр байна. Чиний аманд, чиний зүрх сэтгэлд бий” гэдэг. Энэ нь бидний тунхаглаж буй итгэлийн үг юм. 9Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. 10Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ. 11Учир нь Судар “Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй” гэдэг. 12Иудей болон грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана. 13Учир нь “Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно”. 14Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ? 15Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? “Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!” гэж бичигдсэн байдаг.
16Харин тэд сайн мэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа “Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?” гэж хэлсэн. 17Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг. 18Гэвч би хэлье. Тэд хэзээ ч сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон.
“Тэдний дуу хоолой бүх газарт,
Тэдний үгс дэлхийн зах хязгаарт ч хүрсэн” 19Гэвч би хэлье. Израиль үнэндээ мэдээгүй юу? Эхлээд Мосе
“Би үндэстэн биш хүмүүсээр та нарыг атаархуулж,
ухаангүй үндэстнээр уурлуулна” 20Исаиа зоригтойгоор
“Намайг хайгаагүй хүмүүс Намайг олсон.
Намайг сураглаагүй хүмүүст Би илэрхий болсон” 21Харин Израилийн талаар Тэр “Бүхэл өдөржин Би дуулгаваргүй, зөрүүд ард түмэнд гараа сунгасан” гэжээ.