8 1Есүсийг уулаас бууж ирэхэд асар олон хүн Түүнийг дагав. 2Уяман өвчтэй нэгэн хүн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж,
-Эзэн минь, хэрэв Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэхэд, 3Есүс гараа сунган түүнд хүрч
-Хүсэж байна. Цэвэрш гэв. Тэр даруй түүний уяман өвчин нь цэвэршжээ. 4Есүс түүнд
-Үүнийг хэнд ч хэлж болохгүй! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэхийн тулд Мосегийн тогтоосон өргөлийг өргө гэлээ.
5Есүсийг Капернаумд ороход нь нэгэн зуутын дарга Түүн дээр ирээд, Түүнээс гуйж,
6-Эзэн, зарц маань саа өвчин тусаад, гэртээ хэвтэж, сүрхий өвдөн шаналж байна гэхэд 7Есүс
-Би очиж, түүнийг эдгээе гэж хэлэв. 8Харин зуутын дарга
-Эзэн, би Таныг гэртээ аваачих зохистой хүн биш ээ. Харин үг хэлээч, тэгвэл зарц маань эдгэрнэ. 9Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг, нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Боолдоо “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж хариулав. 10Есүс үүнийг сонсоод ихэд гайхаж, дагаж явсан хүмүүст
-Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хэнээс ч олоогүй юм байна. 11Та нарт Би хэлье. Дорноос хийгээд өрнөөс олон хүн ирж тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд сууна. 12Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдаж, тэндээ уйлж, шүдээ хавирах болно гэв. 13Тэгээд Есүс зуутын даргад
-Замаараа яв. Чиний итгэсэнчлэн болог гэхэд яг тэр цагт зарц нь эдгэрчээ.
14Есүс Петрийн гэрт очиж, хадам эхийг нь халуунтай өвдөн хэвтэж байхыг харав. 15Есүс түүний гарт хүрэхэд халуун нь арилан, тэр босоод Түүнд үйлчлэв. 16Орой болоход тэд чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүн уруу авчрахад, Есүс сүнснүүдийг үгээр хөөн зайлуулж, өвдсөн бүгдийг эдгээжээ. 17Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар “Бидний сул дорой байдлыг Тэр Өөртөө авч, бидний өвчнийг үүрсэн” гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа.
18Есүс олон хүн Өөрийг нь тойрсныг хараад, нуурын нөгөө тал уруу явахыг тушаав. 19Нэгэн хуулийн багш ирж, Түүнд
-Багш аа, Таныг хаашаа ч явсан би дагаж явъя гэв. 20Есүс
-Үнэг нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй байдаг. Харин Хүний Хүүд толгой хоргодох газар байхгүй гэлээ. 21Дагалдагчдын нэг нь Түүнд
-Эзэн, эхлээд явж, эцгийгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч гэсэнд 22Есүс
-Намайг дага. Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул гэв.
23Түүнийг завинд суухад шавь нар нь Түүнийг дагалаа. 24Үзэгтүн. Нуурт маш хүчтэй шуурга босож, завь давалгаанд автсан боловч Есүс унтаж байлаа. 25Тэд Түүн уруу ирж, Түүнийг сэрээгээд
-Эзэн минь, авраач, бид сүйрлээ гэхэд нь, 26Есүс тэдэнд
-Юунд айцгаана вэ, итгэл багатай хүмүүс ээ? гээд Тэр босож, салхи болоод нуурыг зэмлэжээ. Гэтэл нам гүм боллоо. 27Хүмүүс гайхаж
-Энэ ер нь ямар янзын хүн болоод салхи, нуур хүртэл Түүнд захирагдаж байгаа юм бэ? гэлцэв.
28Түүнийг нуурын нөгөө талд гадарчуудын нутагт ирэхэд булшнуудын тэндээс чөтгөрт эзлэгдсэн хоёр хүн гарч ирээд, Түүнтэй тааралдав. Тэд их хэрцгий догшин тул тэр замаар нэг ч хүн явж зүрхэлдэггүй байжээ. 29Үзэгтүн, тэд хашхиран,
-Бурханы Хүү, бид Танд ямар хамаатай билээ? Цагаас маань өмнө биднийг тарчилгахаар Та энд ирэв үү? гэв. 30Тэнд тэднээс зайдуухан сүрэг гахай идээшилж байлаа. 31Чөтгөрүүд Түүнээс гуйж
-Хэрэв Та биднийг хөөж гаргах гэж байгаа бол биднийг сүрэг гахайнд оруулаач гэв. 32Тэр
-Зайлцгаа гэхэд, сүнснүүд гарч гахайнуудад шүглэхэд, гахайн сүрэг бултаараа нуурын эгц эрэг уруу давхилдан орж усанд живж, үхжээ. 33Гахайчид зугтан хот уруу орж, болсон явдал болоод чөтгөрт эзэмдүүлж байсан хүмүүсийн тухай мэдүүлэв. 34Хотынхон бүгдээрээ Есүстэй уулзахаар ирж, Түүнийг үзээд нутгаасаа явахыг гуйв.