7 1Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү. 2Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ. 3Чи ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атал яагаад өөрийн нүдэн дэх дүнзийг анзаардаггүй юм бэ? 4Эсвэл, өөрийн чинь нүдэнд дүнз байх атал ах дүүстээ “Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье” гэж хэлнэ гэж үү? 5Хоёр нүүрт хүн чи, эхлээд нүднээсээ дүнзээ авч хая, тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхдаа сайн харах болно.
6Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайны өмнө бүү хая. Тэд түүнийг хөл дороо гишгэчихээд, эргэж чамайг хэсэглэн тастчих вий.
7Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. 8Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. 9Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? 10Эсвэл, загас гуйхад нь түүнд могой өгөхгүй биз дээ? 11Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу? 12Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд. Энэ бол Хууль болоод Эш үзүүлэгчид мөн.
13Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. 14Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог.
15Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Тэд хонины арьс нөмрөн та нар уруу ирэх боловч дотроо хомхой чононууд юм. 16Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, халгайнаас инжир хураадаггүй биз дээ? 17Үүнчлэн сайн мод бүрээс сайн үр жимс ургадаг. Харин муу модноос муу үр жимс ургадаг. 18Сайн мод муу үр жимс ургуулж үл чадна, муу мод ч сайн үр жимс ургуулж үл чадна. 19Сайн үр жимс ургуулдаггүй аливаа модыг огтолж галд хаядаг. 20Ийнхүү та нар тэднийг үр жимсээр нь танина. 21Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. 22Тэр өдөр Надад олон хүн “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгуудыг үзүүлж байсан биш билүү?” гэж хэлэх болно. 23Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.
24Тиймд эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үйлдэгч аливаа хүн хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй зүйрлэгдэнэ. 25Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэн боловч тэр нь нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурилагдсан байв. 26Эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үл үйлддэг аливаа хүн элсэн дээр байшингаа барьсан мунхаг хүнтэй зүйрлэгдэнэ. 27Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэнд байшин нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв.
28Тэгээд Есүсийг үгээ хэлж гүйцмэгц олон түмэн Түүний сургаалыг гайхаж байлаа. 29Тэр хуулийн багш нар шиг нь бус, эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв.