16 1Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв. 2Есүс тэдэнд хариуд нь
-Орой болохоор та нар “Тэнгэр улаарч байна. Цэлмэг болох нь” гэдэг. 3Өглөө нь “Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь” гэж ярьдаг. Та нар тэнгэрийн байдлыг ялган мэдэж чаддаг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу? 4Бузар болон завхай үеийнхэн тэмдгийг эрэлхийлдэг. Ионагийн тэмдгээс гадна өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.
5Шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авчрахаа мартсан ажээ. 6Есүс тэдэнд
-Фарисай болон садукайчуудын хөрөнгөнөөс сэрэмжил, болгоомжил гэхэд, 7тэд өөр хоорондоо
-Энэ нь бид талх аваагүйгээс болсон хэрэг гэцгээв. 8Харин Есүс үүнийг мэдээд
-Итгэл багатай хүмүүс ээ, та нар чинь юунд хоорондоо талх байхгүйгээ ярилцана вэ? 9Одоо хүртэл та нар ойлгож ч, санаж ч чадахгүй байгаа юм уу? Таван талхаар таван мянган хүнийг хооллоход хичнээн сагс цуглуулсан билээ? 10Эсвэл долоон талхыг дөрвөн мянган хүнд өгч, хичнээн том сагс цуглуулснаа ч санахгүй байна уу? 11Би та нарт талхны тухай яриагүйг яагаад ойлгодоггүй юм бэ? Харин фарисай болоод садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэв. 12Тэгэхэд л тэд Есүс талхны хөрөнгөнөөс биш, харин фарисай болон садукайчуудын сургаалаас болгоомжил гэж айлдсаныг ухаарав.
13Есүс Цезарь Филипийн нутагт очих үедээ шавь нараасаа
-Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуув. 14Тэгэхэд нь тэд
-Зарим нь баптисм хүртээгч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэж ярьдаг гэхэд, 15Тэр
-Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд, 16Симон Петр
-Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. 17Есүс түүнд хариуд нь
-Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм. 18Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. 19Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гэлээ. 20Тэгээд Тэр Өөрийг нь Христ мөн гэдгийг хэнд ч хэлэх ёсгүйг шавь нартаа анхааруулав.
21Тэр цагаас эхлэн Есүс Христ шавь нартаа Өөрийн Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо илэрхийлж эхлэв. 22Петр Түүнийг татаж
-Эзэн минь, Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй гэж зэмлэж эхэлсэнд, 23Тэр эргэж Петрт
-Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэлээ. 24Тэгээд Есүс шавь нартаа
-Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа үүрч, Намайг дагаг. 25Учир нь хэн өөрийнхөө амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ олно. 26Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд юугаа өгөх билээ? 27Учир нь Хүний Хүү тэнгэр элч нарын хамт Эцэгийнхээ алдрын дотор ирж, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө. 28Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсож байгаа хүмүүсээс зарим нь Хүний Хүүг хаанчлалынхаа дотор ирэхийг харах хүртэл үхлийг үл амсана гэж айлдав.