1 1Өөрсдийн гэрийнхнийг дагуулж Иаковтай хамт Египетэд очсон Израилийн хөвгүүдийн нэрс гэвэл, 2Реубен, Симеон, Леви ба Иуда, 3Иссахар, Зебулун ба Бениамин, 4Дан ба Нафтали, Гад ба Ашер юм. 5Иаковын үр удам бүгд далан хүн байв. Харин Иосеф Египетэд байсан. 6Иосеф, түүний ах дүү нар болон тэр үеийнхэн бүгд нас барав. 7Гэвч Израилийн хөвгүүд өсөн, улам үржиж, олшрон, онцгой хүчтэй болж, тэр газрыг дүүргэв.
8Иосефыг мэдэхгүй шинэ хаан Египетэд гарч ирэв. 9Тэр өөрийн ард түмэнд
-Үзэгтүн! Израилийн хөвгүүдийн ард түмэн биднээс олон, бас хүчтэй боллоо. 10Тэдэнд нарийн ухаанаар хандацгаая. Тэгэхгүй бол тэд олон болж, дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлж, бидний эсрэг байлдаж, энэ газраас гарах болно гэв. 11Тиймээс тэднийг хүнд хүчир ажлаар зовоохын тулд тэдний дээр ажлын дарга нарыг тавив. Тэд Фараонд зориулж Питом болон Раамсес гэдэг агуулах хотуудыг барив. 12Гэвч тэднийг хэдий чинээ зовоох тусам тэд төдий чинээ үржиж, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилийн хөвгүүдээс болж айдаст автав. 13Египетчүүд Израилийн хөвгүүдийг хүнд хүчир ажилд албадан шахав. 14Тэдэнд оноосон хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих болон хээрийн янз бүрийн ажлаар египетчүүд тэдний амьдралыг гашуун зовлонтой болгов.
15Дараа нь Египетийн хаан Шифра ба Пуа гэдэг еврей эх баригчдад
16-Та нар еврей эмэгтэйчүүдийг эх барих үедээ төрөх сандал дээр тэднийг ажиглаж байгаад хэрэв хүү төрвөл үхүүлж, харин охин төрвөл амьд үлдээ гэв. 17Харин эх баригчид Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар хийлгүй, харин хөвгүүдийг амьд үлдээв. 18Тиймээс Египетийн хаан эх баригчдыг дуудаж, тэдэнд
-Та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв? гэв. 19Эх баригчид Фараонд
-Еврей эмэгтэйчүүд египет эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд эрүүл чийрэг болохоор эх баригчийг ирэхээс өмнө төрсөн байдаг гэж хариулав. 20Иймээс Бурхан эх баригчдад сайнаар ханджээ. Ард түмэн олширч маш хүчирхэг болов. 21Эх баригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгон өгөв. 22Тэгэхэд Фараон бүх ард түмэндээ
-Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.