22 1Хэрэв хүн, үхэр эсвэл хонь хулгайлж нядалбал, эсвэл зарвал тэрээр үхрийг таван үхрээр, хонийг дөрвөн хониор төлнө. 2Хэрэв хулгайч үйлдэл дээрээ баригдан, цохиулж үхвэл түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байхгүй. 3Харин түүний дээр нар гарсан байсан бол түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байна. Хулгайч заавал нөхөн төлөх ёстой. Хэрэв түүнд юу ч байхгүй бол хулгай хийснийх нь төлөө түүнийг худалдах ёстой. 4Хэрэв хулгайлсан юм нь түүний эзэмшил газраас амьдаар олдвол үхэр, илжиг, эсвэл хонины аль нь ч бай хулгайч хоёр нугалж төлөх ёстой. 5Хэрэв хүн тариалангийн талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэгт малаа бэлчээрлүүлж байгаад сул тавьснаас болж мал нь өөр хүний тариалангийн талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэгт бэлчвэл малын эзэн хамгийн сайн тариалангийн талбай болон усан үзмийн цэцэрлэгээр нөхөн төлөх ёстой.
6Хэрэв гал гарч, үүргэний бутанд авалцаж, хураасан тариа, эсвэл хадаагүй тариа, эсвэл тариалангийн талбайг шатаавал тэр галыг тавигч нь заавал нөхөн төлөх ёстой.
7Хэрэв хүн мөнгө, эсвэл эд зүйлсээ хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хөршийнх нь гэрээс хулгайлагдсан тохиолдолд хэрэв хулгайч баригдах аваас эзэнд нь хоёр нугалж төлөх ёстой. 8Харин хулгайч олдоогүй бол гэрийн эзэн шүүгч дээр очиж, хөршийнхөө эд хөрөнгөнд гар хүрсэн эсэхээ шүүлгэх ёстой. 9Үхэр, илжиг, хонь, хувцас хунар, эсвэл “Энэ минийх” гэж хэн нэгнийх нь хэлэх аливаа алдагдсан зүйл болох итгэл эвдсэн тохиолдол болгонд хоёр тал заргаа шүүгчдийн өмнө авчрах ёстой. Шүүгчдийн буруутгасан хүн нь хөршдөө хоёр нугалж төлнө.
10Хэрэв хүн илжиг, үхэр, хонь ба бусад малаа хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хэн ч хараагүй байхад үхэх, гэмтэх эсвэл алга болох аваас 11хөршийнхөө өмчид гар хүрээгүй гэдгээ тэр хоёр хоёулаа ЭЗЭНий өмнө тангараглах ёстой. Малын эзэн тэр тангаргийг хүлээн авч, нөгөө хүн нөхөн төлөх ёсгүй. 12Хэрэв уг мал түүнээс хулгайлагдсан бол тэрээр эзэнд нь нөхөн төлөх ёстой. 13Хэрэв уг мал нь тастагдсан бол нотолгоо болгон авчрах ёстой. Тастагдсан малын төлөө тэрээр нөхөн төлбөр өгөхгүй.
14Хэрэв хүн хөршөөсөө ямар нэгэн юм зээлж аваад тэр нь эзнийх нь үгүйд гэмтэх, эсвэл үхвэл зээлсэн хүн бүрэн нөхөн төлөх ёстой. 15Хэрэв эзэн нь хамт байсан бол төлөхгүй. Хэрэв хөлсөлж авсан байвал тэрхүү хөлс нь түүний үнэ нь болно.
16Хэрэв хүн сүй тавиагүй онгон бүсгүйг уруу татаж, түүнтэй унтвал бүсгүйн төлөө инж өгч, түүнийг эхнэрээ болгон авах ёстой. 17Хэрэв бүсгүйн эцэг охиноо түүнд өгөхөөс эрс татгалзвал, тэр инжтэй тэнцэх мөнгийг өгөх ёстой.
18Удганыг бүү амьд байлга.
19Мал амьтантай хавьтагчид заавал үхэх ёстой.
20ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг алах ёстой. 21Харийн хүнийг бүү буруутга, бүү дарла. Учир нь та нар Египетийн нутагт харь хүмүүс байсан. 22Та нар аливаа бэлэвсэн эмэгтэй, эсвэл өнчин хүүхдийг бүү зовоо. 23Хэрэв та нар тэднийг зовоогоод, тэд Над уруу хашхирвал Би тэдний уй гашууг сонсож, 24Миний уур хилэн дүрэлзэж, Би та нарыг илдээр ална. Та нарын эхнэрүүд бэлэвсэрч, та нарын хүүхдүүд өнчрөх болно.
25Хэрэв чи Миний ард түмэнд буюу дунд чинь буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл, түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард. 26Хэрэв чи хөршийнхөө хувцсыг барьцаанд авбал нар шингэхээс өмнө түүнд буцааж өг. 27Учир нь тэр бол түүний цорын ганц бүтээлэг нь, биеийнх нь хувцас билээ. Тэр хүн өөр юу нөмөрч унтах вэ? Тэр Над уруу хашхирахад Би сонсох болно. Учир нь Би нигүүлсэнгүй билээ.
28Бурханыг бүү хараа. Өөрийн ард түмний захирагчийг бүү хараа. 29Чи өөрийн ургац ба өөрийн усан үзмийн дарснаас өргөх өргөлийг бүү хойшлуул. Хөвгүүдийнхээ ууганыг нь чи Надад өгөх ёстой. 30Чи өөрийн үхэр болон хонинуудад ч ийнхүү үйлд. Долоон өдөр тэднийг эхтэй нь хамт байлгаж, найм дахь өдөрт нь Надад өг. 31Та нар Надад зориулагдсан ариун хүмүүс байх ёстой. Тийм учраас хээр талд хэсэглэн тастчуулсан амьтны махыг та нар бүү ид. Түүнийг нохдод хаяж өг.