16 1Израилийн хөвгүүдийн бүх чуулган Елимээс хөдөлж, Египетээс гарснаас хойш хоёр дахь сарын арван тав дахь хоногт Елим болон Синаи уулын хоорондох Син цөлд хүрэв. 2Израилийн хөвгүүдийн бүх чуулган цөлд Мосе, Аарон нарын эсрэг гомдоллов. 3Израилийн хөвгүүд тэдэнд
-Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байх үедээ ЭЗЭНий мутраар үхсэн нь дээр байж. Та нар бүх чуулганыг өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөл уруу авчрав гэв.
4ЭЗЭН Мосед
-Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуул. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно. 5Тэд өдөр бүр хураадгаасаа хоёр дахин ихийг зургаа дахь өдөрт хурааж бэлтгэг гэв. 6Мосе, Аарон нар Израилийн бүх хөвгүүдэд
-ЭЗЭН та нарыг Египетийн газраас гаргасныг та нар энэ үдэш мэдэх болно. 7Та нар ЭЗЭНий алдрыг өглөө харна. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гомдлыг ЭЗЭН сонсдог. Бид хэн болоод та нар бидний эсрэг гомдоллоод байгаа юм бэ? гэв. 8Мосе
-ЭЗЭН орой нь та нарт идэх мах өгч, өглөө нь та нарт цадтал талх өгнө. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гомдлыг ЭЗЭН сонсдог. Бид юу юм бэ? Та нарын гомдол бол бидний эсрэг биш, харин ЭЗЭНий эсрэг юм гэв. 9Мосе Ааронд
-Израилийн хөвгүүдийн бүх чуулганд “ЭЗЭНий өмнө ойртон ир. Учир нь Тэр та нарын гомдлыг сонссон” гэж хэл гэв. 10Аарон Израилийн хөвгүүдийн бүх чуулганд хэлэхэд, тэд цөл уруу хартал ЭЗЭНий цог жавхлан үүлэн дунд үзэгдэв. 11ЭЗЭН Мосед
12-Израилийн хөвгүүдийн гомдлыг Би сонссон. Тэдэнд “Үдшийн бүрийгээр та нар мах идэж, өглөө талхаар цадах болно. Би бол та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно” гэж хэл гэв.
13Орой болоход бөднө шувууд нисэж ирээд, хуаранг бүрхэв. Өглөө нь хуарангийн эргэн тойронд шүүдэр буусан байв. 14Шүүдэр арилахад цөлийн гадаргуу дээр жижиг, бөөрөнхий хяруу шиг жижигхэн зүйл газар дээр байв. 15Израилийн хөвгүүд түүнийг хараад, юу болохыг нь мэдэхгүй учир бие биеэсээ
-Энэ юу вэ? гэж асууцгаав. Мосе тэдэнд
-Энэ бол ЭЗЭНий та нарт идүүлэхээр өгсөн талх юм. 16ЭЗЭН “Хүн бүр идэх хэмжээгээрээ үүнээс цуглуул. Майхандаа байгаа хүний тоогоор, нэг хүнд нэг омер байхаар авагтун” гэж тушаасан гэв. 17Израилийн хөвгүүд тийнхүү үйлдэв. Харин зарим нь их, зарим нь бага хураав. 18Тэд түүнийгээ омероор хэмжихэд, их хураасан нь илүү гарсангүй, бага хураасан нь дутсангүй. Хүн бүр идэх хэмжээгээрээ хураажээ. 19Мосе тэдэнд
-Нэг ч хүн үүнээс өглөө хүртэл үлдээж болохгүй гэж хэлсэн. 20Гэвч тэд Мосег сонссонгүй. Зарим нь үүнээс хэсгийг өглөө хүртэл хадгалсанд тэр нь өтөөр дүүрч өмхийрсөн. Мосе тэдэнд уурлав. 21Тэд өглөө бүр, хүн бүр идэх хэмжээгээрээ түүнийг хураадаг байв. Харин нар дээшлэн халуу шатахад, тэр нь хайлдаг байв.
22Зургаа дахь өдөр тэд хоёр дахин их хоол буюу хүн бүр хоёр омерийг хураав. Чуулганы бүх удирдагч ирж, Мосед мэдүүлэхэд 23тэр тэдэнд
-ЭЗЭН ингэж айлдсан. “Маргааш амралтын өдөр, ЭЗЭНий ариун амралтын өдөр. Та нар жигнэхээ жигнэж, чанахаа чана! Үлдсэн бүхнийг өглөө хүртэл хадгал” гэж хэлэв. 24Тэд Мосегийн зааварласан ёсоор үүнийг өглөө болтол хадгалсанд, тэр нь өмхийрч өтсөнгүй. 25Мосе
-Өнөөдөр үүнийг ид. Учир нь өнөөдөр бол ЭЗЭНий ариун өдөр. Өнөөдөр та нар түүнийг газраас олохгүй. 26Зургаан өдөр та нар түүнийг хураа. Харин долоо дахь өдөр нь амралтын өдөр тул юу ч байхгүй гэв. 27Ард түмнээс зарим нь долоо дахь өдөр хурааж авахаар гарсан боловч тэд юу ч олсонгүй. 28ЭЗЭН Мосед
-Хэдий хүртэл та нар Миний хууль, Миний тогтоолуудыг сахихаас татгалзах юм бэ? 29Хар. ЭЗЭН та нарт амралтын өдрийг өгсөн. Тийм учраас зургаа дахь өдөрт Тэр та нарт хоёр өдрийн талхыг өгдөг. Хүн бүр байрандаа байж, хэн ч долоо дахь өдөр өөрийн байрнаас бүү гар гэв. 30Тиймээс ард түмэн долоо дахь өдөр амрав.
31Израилийн гэрийнхэн түүнийг манна гэж нэрлэжээ. Тэр нь кориандрын үр мэт цагаан бөгөөд амт нь зөгийн балтай боов мэт байв. 32Мосе
-ЭЗЭН ингэж тушаасан. “Үүнээс нэг бүтэн омерийг авч, үе уламжлан хадгал. Ингэснээр Би та нарыг Египетийн нутгаас гаргаж, цөлд та нарыг тэжээж байсан талхыг тэд харах юм” гэв. 33Мосе Ааронд
-Ваар авч, дотор нь нэг бүтэн омер манна хий. Түүнийг ЭЗЭНий өмнө тавьж, үе уламжлан хадгал гэв. 34ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор Аарон Гэрчлэлийн өмнө түүнийг тавьж хадгалав. 35Израилийн хөвгүүд хүн оршин суудаг газар очих хүртэл дөчин жил манна иджээ. Канаан нутгийн хязгаарт очих хүртэл тэд маннаг идсэн билээ. 36(Нэг омер нь ефагийн аравны нэг юм.)