7 1Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, хаврын ургац соёолж эхлэхэд Тэр царцааны сүргийг бий болгож байсан. Харагтун, хаврын ургац нь хааны хадлангийн дараа байсан. 2Энэ нь газрын ногоог идэж дуусахад, тэр үед би хэллээ.
-Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков нь жижиг учраас яаж зогсож чадах вэ? 3ЭЗЭН энэ тухай Өөрийн бодлоо өөрчилсөн.
-Энэ нь болохгүй гэж ЭЗЭН айлдсан.
4Эзэн БУРХАН надад ийнхүү юмыг үзүүлсэн. Харагтун, Эзэн БУРХАН тэдэнтэй галаар тэмцэхээр дуудаж байсан. Тэр гал нь агуу гүнийг шатааж, тариалангийн газрыг ч түймэрдэж эхэллээ. 5Тэгэхэд би
-Эзэн БУРХАН, зогсоож өгөөч. Иаков нь жижиг учраас тэр яаж зогсож чадах вэ? гэж хэллээ. 6ЭЗЭН энэ тухай Өөрийн бодлоо өөрчилсөн.
-Энэ нь бас болохгүй гэж Эзэн БУРХАН айлдлаа.
7Тэр надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, Эзэн босоо хананы дэргэд Өөрийн мутартаа тэгшлүүрийг барин зогсож байлаа. 8ЭЗЭН надад
-Амос аа, чи юу харж байна вэ? гэхэд би, “Тэгшлүүр” гэв. Тэгэхэд Эзэн
“Харагтун, Би Өөрийн ард түмэн Израилийн дунд тэгшлүүрийг тавих гэж байна.
Би тэднийг цаашид хэлтрүүлэхгүй.
9Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч,
Израилийн ариун газрууд нь хоосон хэвтэх болно.
Дараа нь Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэйгээр босох болно”.
10Тэгэхэд Бетелийн тахилч Амазиа нь Израилийн хаан Иеробоамд үг илгээн,
-Израилийн гэрийн дунд Амос таны эсрэг хуйвалдсан. Түүний бүх үгсийг энэ газар тээх чадваргүй юм. 11Учир нь Амос ийнхүү хэлж байна. “Иеробоам илдээр үхнэ. Израиль гарцаагүй өөрийн нутгаасаа цөллөгт явах болно” гэсэн. 12Дараа нь Амазиа Амост
-Яв, үзмэрч ээ, Иудагийн нутаг уруу зугтаж, тэнд талх идэж, тэнд эш үзүүллэгээ үзүүл! 13Харин цаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энэ газар нь хааны ариун газар, дээдсийн өргөө гэж хэлсэн.
14Тэгэхэд Амос Амазиад хариулсан нь
-Би бол эш үзүүлэгч бус бөгөөд эш үзүүлэгчийн ч хөвгүүн бус. Учир нь би малчин бөгөөд инжрийн жимс хураагч хүн байсан. 15Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас аваад, “Миний ард түмэн Израиль уруу очоод эш үзүүл” гэж ЭЗЭН надад айлдсан. 16Одоо ЭЗЭНий үгийг сонс. “Чи Израилийн эсрэг бүү эш үзүүл, Исаакийн гэрийн эсрэг бүү урсга” гэж чи хэлж байна. 17Тийм учраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, чиний хөвгүүд, охид илдэнд унаж, чиний газрыг хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар шороон дээр үхэх болно. Түүгээр ч барахгүй, Израиль нь гарцаагүй өөрийн нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.