3 1Израилийн хөвгүүд болох та нарын эсрэг Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл бүтэн гэр бүлийн эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.
2“Газар дэлхийн бүх гэр бүлүүдийн дундаас Би зөвхөн та нарыг сонгосон.
Тиймээс та нарын бүх гэм буруугийн төлөө Би та нарыг шийтгэнэ”.
3Хоёр хүн тохиролцоогүй байж хамт алхах уу?
4Арслан ямар ч олзгүй байж ой дотор архирах уу?
Залуу арслан ямар нэгэн юмыг бариагүй болбоос,
нүхэн дотроосоо архирах уу?
5Урхинд өгөөш байхгүй бол шувуу нь газарт буй урхинд орох уу?
Юу ч баригдаагүй атал, урхи нь газраас дээш өргөгдөх үү?
6Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү?
Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?
7Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй.
8Арслан нь архирчээ!
Хэн үл эмээх вэ?
Эзэн БУРХАН айлджээ!
Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?
9Ашдодын цайзууд ба Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх агуу хөл үймээнийг түүний дунд буй дарлалыг үз. 10Гэвч тэд зөв юмыг яаж хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд өөрсдийн цайзууддаа хүчирхийлэл болон сүйрлийг нөөцөлжээ”.
11Тэгэхээр Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
“Дайсан, энэ нутгийг чинь бүсэлж, та нарын хүчийг сулруулж,
та нарын цайзуудыг тонох болно”.
12ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
“Хоньчин нь арслангийн амнаас хоёр хөл болон чихний тасархайг булаан авдаг шиг
Самарид оршдог Израилийн хөвгүүдийг орны булантай, хэвтрийн дэвсгэртэй хамт булаан авч одох болно.
13Сонсож, Иаковын гэрийн эсрэг гэрчил” гэж Эзэн БУРХАН, түмэн цэргийн Бурхан тунхаглаж байна.
14“Учир нь Би Израилийн гэм зөрчлийг шийтгэх өдөрт бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ.
Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.
15Би бас өвлийн байшинг зуны байшинтай хамт цохих болно.
Зааны ясан байшингууд бас сөнөж,
агуу байшингуудыг эцэс болгоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.