5 1Израилийн гэр ээ, би та нарын төлөө гашуудлын дуу болгон өргөж буй энэ үгийг сонс.
2Онгон Израиль нь унаад, дахин босохгүй.
Тэр өөрийн нутагтаа орхигдсон. Түүнийг өргөх хэн ч алга.
3Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
“Израилийн гэрт мянган хүчтэнийг гаргаж байгаа хот нь зуун хүнтэй үлдэнэ.
Мөн зуун хүчтэнийг гаргаж байгаа хот нь арван хүнтэй л үлдэнэ”.
4Учир нь ЭЗЭН Израилийн гэрт ийнхүү айлдаж байна.
“Та нар амьдрахын тулд Намайг хай”.
5Харин Бетел уруу бүү ханд, Гилгал уруу бүү оч, Беершебаг бүү туулан яв.
Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетел сүйрэлд учрана”.
6Та нар амьдрахын тулд ЭЗЭНийг хай.
Эс тэгвэл Иосефын гэр ээ, Тэр гал мэт гарч, түймэрдэх болно.
Бетелд түүнийг унтраах юу ч алга.
7Та нар бол шударга байдлыг агь болгож,
шударга ёсыг доош газар уруу хөөдөг хүмүүс юм”.
8Тэр Плеиадесыг, Орионыг бүтээж, гүн харанхуйг өглөөгөөр сольдог.
Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, далайн усыг дуудан
газрын гадаргуу дээр асгадаг. Түүний нэр бол ЭЗЭН.
9Сүйрэл нь бэхлэлт дээр ирэхийн тулд хүчтэн дээр сүйрлийн хамт урагш цахилагч нь Тэр юм.
10Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг,
шулуунаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг.
11Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж,
тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй.
Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй.
12Учир нь та нарын гэм зөрчил нь их, нүгэл чинь үлэмж гэдгийг Би мэднэ.
Та нар зөв шударга хүнийг зовоож, хахууль авч,
дааман хаалган дээр ядуусыг шоовдорлодог.
13Тэгэхээр ийм үед хашир хүмүүс дуугаа хураадаг.
Учир нь энэ бол ёрын цаг.
14Та нар амьдрахын тулд мууг биш, харин сайныг хай.
Та нарын хэлсэн ёсоор түмэн цэргийн ЭЗЭН Бурхан ийнхүү та нартай хамт байх болтугай.
15Мууг үзэн яд, сайныг хайрла.
Дааман хаалган дээр шударга ёсыг тогтоо.
Тэгвэл түмэн цэргийн ЭЗЭН Бурхан Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магадгүй.
16Тэгэхээр түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Эзэн ийнхүү айлдаж байна.
“Талбай бүрд орилох дуу сонсогдож, гудамж бүрд “Аяа, аяа” гэж тэд хэлж байна.
Тэд бас тариачныг гашуудахаар дуудаж, мэргэжлийн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.
17Усан үзмийн цэцэрлэг бүрд орилох дуу гарна.
Учир нь Би та нарын дундуур өнгөрөх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
18ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та нар гаслантай яа.
ЭЗЭНий өдөр нь та нарт ямар зорилгоор хэрэгтэй вэ?
Энэ нь гэрэл биш, харанхуй байх болно.
19Энэ нь хүн арслангаас зугтаад баавгайтай учрах мэт,
эсвэл гэртээ хариад, гараараа хана түшээд могойд хатгуулахтай адил юм.
20ЭЗЭНий өдөр нь гэрлийн оронд харанхуй байх биш үү?
Түүгээр ч барахгүй дотроо ямар ч гэгээгүй түнэр харанхуй байх биш үү?
21“Би та нарын найр наадмуудаас татгалзаж, тэднийг үзэн ядаж байна.
Би та нарын ёслолын чуулгануудыг чинь таалахгүй байна.
22Та нар Надад шатаалт тахилууд,
идээн өргөлүүдийг өргөсөн ч Би хүлээн авахгүй.
Түүгээр ч барахгүй та нарын тарган малын эвийн тахилууд уруу ч харахгүй.
23Өөрсдийнхөө дуунуудын чимээг Надаас зайлуул.
Би та нарын ятгын эгшгийг ч сонсохгүй.
24Харин шударга ёс нь ус мэт, зөв шударга нь мөнх урсах урсгал мэт хуйлран бууг.
25Израилийн гэр ээ, та нар цөлд дөчин жилийн туршид Надад тахилууд ба идээн өргөлүүдийг өргөн барьсан уу? 26Та нар бас өөрсдөдөө зориулан хийсэн танай хаан Сиккут, өөрсдийн Кийун хөргүүд, өөрсдийн бурхдын одыг авч явсан. 27Тэгэхлээр Би та нарыг Дамаскийн чанадад цөллөгт явуулна” гэж ЭЗЭН айлдаж байна. Түүний нэр бол түмэн цэргийн Бурхан.