7 1Хаан өөрийн гэрт амьдран, ЭЗЭН түүнийг эргэн тойрны бүх дайснаас нь хамгаалж, тайвшралыг өгсөн тэр үед 2хаан эш үзүүлэгч Натанд ийн өгүүлэв.
-Харагтун, би хуш модон гэрт заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд оршин байна гэв. 3Натан хаанд
-Явж, оюун бодолдоо байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь ЭЗЭН тантай хамт байна гэв. 4Гэтэл тэр шөнө ЭЗЭНий үг Натанд ирж,
5-Яв, Миний боол Давидад өгүүлэгтүн. “ЭЗЭН ингэж айлдаж байна. “Надад оршин суух өргөөг барьж өгөх нь чи мөн гэж үү? 6Учир нь Би Египетээс Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсан удаагүй, харин би майханд буюу асарт аялж байв. 7Би Израилийн бүх хөвгүүдтэй явж ирсэн ямар ч газарт, Өөрийн ард түмэн Израилийг хариул хэмээн тушаасан Израилийн овгуудын нэгд нь “Яагаад та нар Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?” гэж хэлэгтүн. 8Тийм учраас одоо чи Миний боол Давидад ингэж хэлэгтүн. “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Миний ард түмэн Израилийн захирагч болгохын тулд Би чамайг бэлчээрээс хонин сүрэг хариулж байхад авсан. 9Чамайг хаана ч явсан Би чамтай хамт байж, чиний өмнөөс хамаг дайснуудыг чинь устгав. Газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил Би чамд агуу нэр өгнө. 10Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Тэд өөрсдийн газарт суун, дахин үймээн самуунд ч автахгүй, муу хүмүүс тэднийг урьдынх шиг зовоохоо ч болино. 11Миний ард түмэн Израилийг удирдахыг Би шүүгчдэд тушаасан өдрөөс хойш Би чамайг хамаг дайснуудаас чинь хамгаалж, амраана. ЭЗЭН мөн чамд гэр бий болгохыг чамд мэдүүлж байна. 12Чиний өдрүүд дуусаж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чамаас гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг тогтооно. 13Тэр Миний нэрийн төлөө өргөө босгож, Би түүний хаанчлалын суудлыг мөнхөд тогтооно. 14Би түүний эцэг болж, тэр Миний хөвгүүн болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний таяг, хүний хөвгүүний ташуураар түүнийг засан хүмүүжүүлнэ. 15Гэвч чиний өмнөөс Миний зайлуулж өгсөн Саулаас Би хайр энэрлээ авсны адил Миний хайр энэрэл түүнээс салахгүй. 16Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно” гэв” хэмээгээрэй гэж айлдав. 17Натан эдгээр бүх үг болон бүх зөнгийн дагуу Давидад дамжуулав.
18Давид хаан дотогш орон, ЭЗЭНий өмнө суугаад,
-Эзэн БУРХАН минь, би хэн болоод бас миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ? 19Гэлээ ч энэ нь Таны мэлмийд чухал биш байсан, Эзэн БУРХАН минь! Учир нь Өөрийнхөө боолын гэрийн алс ирээдүйн талаар Та айлдлаа. Энэ нь хүний заншил юм, Эзэн БУРХАН минь. 20Давид Танд үүнээс илүү өөр юу хэлэх вэ? Учир нь Та Өөрийн боолоо мэддэг билээ, Эзэн БУРХАН минь! 21Өөрийн үгийн төлөө, Өөрийн зүрх сэтгэлийнхээ дагуу Өөрийнхөө боолд мэдүүлэхийн тулд Та энэ бүх агуу үйлийг хийв. 22Ийм учраас Эзэн БУРХАН минь, Та бол аугаа билээ. Бидний чихээрээ сонссоны дагуу Тантай адил нь хэн ч үгүй бөгөөд Танаас өөр Бурхан байхгүй билээ. 23Таны ард түмэн Израиль шиг ямар үндэстэн газар дээр байна вэ? Бурхан ирж, Өөрийн ард түмнийг өөртөө зориулан аварч, Өөртөө нэр алдрыг авч, Өөртөө зориулан Египетээс буюу бусад улс үндэстнүүд, тэдний бурхдаас аварсан Өөрийн ард түмний өмнө Та Өөрийнхөө төлөө агуу үйлс бүтээн Өөрийн газар нутагтаа сүрдмээр зүйлсийг хийв. 24Учир нь Та Өөрийн ард түмэн Израилийг Өөртөө зориулан үүрд мөнхөд ард түмнээ болгон тогтоов. ЭЗЭН минь, Та тэдний Бурхан болов. 25Тиймээс одоо, ЭЗЭН Бурхан минь, Та Өөрийн боол болон гэрийнх нь талаар хэлсэн үгээ үүрд баталж, Өөрийн хэлсний дагуу үйлдэгтүн. 26Таны нэр мөнхөд дээдлэгдэж, “Түмэн цэргийн ЭЗЭН бол Израилийн Бурхан” хэмээн хэлэгдэх болтугай. Таны боол Давидын гэр Таны өмнө тогтох болтугай. 27Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан Та Өөрийнхөө боолд нэгэн илчлэлт өгч, “Би чамд гэр барьж өгнө” гэж айлдсан билээ. Тийм учраас боол тань Танд энэ залбирлыг залбирах урам зоригийг олов. 28Эзэн БУРХАН минь, Та бол Бурхан бөгөөд Таны үгс үнэн юм. Та энэ сайн зүйлийг Өөрийнхөө боолд амласан билээ. 29Тиймээс одоо боолынхоо гэрийг ерөөх нь Таны таалалд нийцэх болтугай. Энэ нь Таны өмнө үүрд мөнхөд үргэлжлэх болтугай. Учир нь Эзэн БУРХАН минь, Та айлдсан билээ. Таны ерөөлөөр боолын тань гэр мөнхөд ерөөгдөх болтугай гэв.