11 1Хавар хаад дайнд морддог үед Давид Иоабыг зарц нарынхаа хамт болон бүх Израилийг илгээхэд, тэд Аммоны хөвгүүдийг устгаж, Раббаг бүслэв. Харин Давид Иерусалимд үлджээ.
2Нэгэн үдэш Давид орноосоо босож, хааны гэрийн дээвэр дээгүүр алхалж байгаад, угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэй төрхөөрөө ихэд үзэсгэлэнтэй байжээ. 3Давид хүн явуулж, тэр эмэгтэйн тухай лавлан асуухад, нэг нь
-Энэ чинь хит хүн Уриагийн эхнэр, Елиамын охин Батшеба биш үү? гэв. 4Давид элч нарыг явуулж, түүнийг авчруулав. Эмэгтэй түүн дээр ирсэнд Давид түүнтэй унтав. Тэр эмэгтэй бузраас цэвэршээд, өөрийн гэрт буцав. 5Эмэгтэй жирэмсэн болоод, Давид уруу хүн явуулж,
-Би жирэмсэн боллоо гэж хэлүүлэв.
6Давид Иоаб уруу хүн явуулж,
-Хит хүн Уриаг над уруу ирүүл гэж хэлүүлэв. Ийнхүү Иоаб Уриаг Давид уруу явуулав. 7Уриа түүн дээр ирэхэд, Давид түүнээс Иоаб болон хүмүүсийн сайн сайхан ба тулалдааны байдлын талаар асуув. 8Тэгээд Давид Уриад
-Гэртээ харьж, хөлөө угаагтун гэв. Уриа хааны гэрээс гарч явсанд, хаан түүний араас бэлэг илгээв. 9Гэвч Уриа хааны гэрийн хатавчинд эзнийхээ хамаг зарц нарын хамт унтаж, гэртээ харьсангүй. 10Хүмүүс Давидад
-Уриа гэртээ хариагүй гэж хэлэхэд, тэр Уриад
-Чи аян замаас ирээгүй гэж үү? Юунд чи гэртээ харьсангүй вэ? гэв. 11Уриа Давидад
-Бурханы авдар, Израиль болон Иуда нар майханд орогнож, миний эзэн Иоаб болон эзний минь зарц нар задгай талд хэвтэж байхад би гэртээ идэж уун, эхнэртэйгээ унтахаар очиж чадна гэж үү? Таны амьд буйгаар бас таны сүнсний амьд буйгаар тангараглая. Би огтхон ч тийм зүйл хийхгүй гэв. 12Иймд Давид Уриад
-Өнөөдөр ч мөн энд байгтун. Маргааш би чамайг явуулъя гэв. Ингээд Уриа тэр өдөр болон дараа өдөр нь Иерусалимд үлдэв. 13Давид түүнийг урьж, өөрийн өмнө идүүлж, уулгасаар согтоов. Үдэш Уриа гарч яван эзнийхээ зарц нартай хамт өөрийн дэвсгэр дээр унтав. Харин тэр гэртээ харьсангүй.
14Өглөө болоход Давид Иоабт захидал бичиж, Уриагийн гараар илгээв. 15Тэр захидалдаа бичихдээ
-Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд тавьж, түүнийг орхин холдогтун. Тэгвэл тэр цохигдон үхнэ гэсэн байлаа. 16Ийнхүү Иоаб хотыг ажиглан, эр зоригтой дайснууд байгаа гэж мэдсэн газарт Уриаг тавив. 17Хотын хүмүүс гарч ирэн, Иоабын эсрэг тулалдахад, Давидын зарц нарын дундаас зарим нь алагдсан бөгөөд хит хүн Уриа ч мөн үхэв. 18Тэгээд Иоаб хүн илгээн, тулалдааны бүх үйл явдлыг Давидад мэдэгдэв. 19Тэр элчид тушааж,
-Тулалдааны бүх үйл явдлыг хаанд хэлж дуусахад, 20хэрэв хаан хилэгнэж, “Яагаад та нар тулалдахаар хот уруу тийм ойрхон очив? Хэрмэн дээрээс тэд харваж болно гэдгийг та нар мэддэггүй юм уу? 21Иеруббешетийн хүү Абимелехийг хэн цохиж алсан бэ? Нэгэн эм хэрмэн дээрээс тээрмийн чулууг унагаж, Тебезэд түүнийг алсан бус уу? Яагаад та нар хэрмэнд тийм ойрхон очив?” хэмээн чамайг загнавал чи “Таны зарц хит хүн Уриа ч үхэв” гэж хэлэгтүн гэв.
22Ингээд элч мордон, Давидад очиж, Иоабын хэл явуулсан бүгдийг мэдүүлэв. 23Элч Давидад
-Дайснууд бидний эсрэг давуу хүчээр байлдан, биднийг довтлон хээр талд гарч ирсэн боловч бид тэднийг хаалганы үүд хүртэл шахав. 24Үүнээс гадна, хэрмэн дээрээс харваачид таны зарц нарыг харваж, хааны зарим зарц нар үхэж, мөн таны зарц Хит хүн Уриа ч үхэв гэж өчив. 25Тэгэхэд Давид элчид
-Чи Иоабт ийнхүү дамжуул. “Илд хэнийг ч залгидаг учраас энэ хэрэгт санаа бүү зовогтун. Хотын эсрэг довтолгоогоо ширүүсгэж, хотыг арчин хая” гэж хэлж, түүний урмыг сэргээ гэв.
26Нөхөр Уриа нь үхсэн гэдгийг Уриагийн эхнэр сонсоод, нөхрийнхөө төлөө гашуудав. 27Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулж, тэр эмэгтэйг гэртээ авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж, түүнд нэгэн хүү төрүүлэв. Гэвч Давидын үйлдсэн хэрэг нь ЭЗЭНий өмнө бузар муу байв.