13 1Түүний дараа ийм явдал болов. Давидын хүү Абсаломд Тамар нэртэй маш үзэсгэлэнт бүсгүй дүү байсан бөгөөд Давидын хүү Амнон түүнд дурлажээ. 2Амнон дүү бүсгүй Тамараас болж маш их бачимдсаны улмаас өвдөв. Учир нь Тамар онгон байсан бөгөөд Амнон түүнд ямар нэг юм хийнэ гэхэд хэцүү санагдаж байв. 3Гэвч Амнонд нэгэн найз байсан нь Давидын ах Шимеагийн хүү Ионадаб хэмээх нэртэй байлаа. Ионадаб нь их заль мэхтэй хүн байв. 4Тэр Амнонд
-Хааны хүү минь, юунд та өдөр бүр ийм дарамттай байна вэ? Та надад хэлэхгүй юм уу? гэхэд, Амнон түүнд
-Би ах Абсаломынхаа дүү Тамарт дурлав гэв. 5Тэгэхэд Ионадаб түүнд
-Орондоо хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүл. Эцэг чинь чамайг эргэхээр ирэхэд нь түүнд “Дүү бүсгүй Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө хоол ундыг минь бэлдүүлээч. Би үүнийг нь харж, Тамарын гараас идмээр байна” гэж хэл гэв. 6Ийнхүү Амнон хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүлэв. Хаан түүнийг эргэхээр ирэхэд нь Амнон хаанд
-Дүү бүсгүй Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө надад хэдэн боов хийлгүүлж, надад түүний гараас идэхийг зөвшөөрч өгөөч гэв.
7Тэгэхэд Давид Тамарыг авчруулахаар гэр уруу хүн явуулж,
-Амнон ахынхаа гэрт очиж, түүнд хоол хийж өгөгтүн гэж хэлүүлэв. 8Ийнхүү Тамар Амнон ахынхаа гэрт ирэхэд, тэр хэвтэж байв. Тамар зуурсан гурил авч нухаад, нүднийх нь өмнө боов хийж жигнэв. 9Тэр эмэгтэй тогоог авч, түүний өмнө боовыг тавьсан боловч, Амнон идэхээс татгалзав. Амнон
-Бүгд эндээс гарцгаа гэсэнд бүгд өрөөнөөс нь гарав. 10Дараа нь Амнон Тамарт
-Хоолыг унтлагын өрөөнд авчир. Би чиний гараас л иднэ гэв. Тамар өөрийн хийсэн боовыг Амнон ахынхаа унтлагын өрөөнд авч очив. 11Амнонд идүүлэхээр боовыг авчиртал, Амнон түүнийг тэврэн авч,
-Дүү минь, надтай унт гэв. 12Харин Тамар
-Болохгүй, ах минь. Намайг бүү доромжлооч. Израильд ийм зүйл хийдэггүй шүү дээ. Ийм ичгүүргүй хэрэг бүү үйлдээч! 13Ийм ичгүүртэйгээр би хааш явах вэ? Та ч гэсэн Израилийн мунхгуудын нэг мэт тооцогдоно шүү дээ. Иймээс одоо хаанд айлтгагтун. Учир нь тэр намайг танаас харамлахгүй гэв. 14Гэвч Амнон түүний үгийг сонссонгүй. Амнон түүнээс илүү хүчтэй байсан тул түүнийг доромжлон, түүнтэй унтав.
15Дараа нь Амнон түүнийг маш ихээр үзэн ядав. Тэр үзэн ядалт нь түүнийг хайрлаж байсан хайраас нь ч илүү хүчтэй байв. Амнон тэр эмэгтэйд
-Босоод, зайл! гэв. 16Харин Тамар түүнд
-Үгүй. Намайг хөөж гаргах нь таны надад үйлдсэн муу хэргээс ч илүүгээр буруу шүү дээ гэсэн боловч, тэр Тамарын хэлэхийг сонссонгүй. 17Тэгээд Амнон зарц залуугаа дуудан,
-Энэ хүүхнийг надаас хөөж гаргаад, үүдээ түгж гэж тушаав. 18Тамар урт ханцуйтай хувцас өмссөн байв. Хааны онгон гүнжүүд ийм хувцас өмсдөг байлаа. Амноны зарц түүнийг хөөж гаргаад, үүдээ түгжив. 19Тамар толгой дээрээ үнс тавин, өмссөн урт ханцуйтай хувцсаа урж, толгой дээрээ гараа тавин, чангаар орилсоор явав.
20Түүний ах Абсалом түүнд
-Чиний ах Амнон чамтай хамт байсан уу? Харин одоо, дүү минь, дуугүй бай. Тэр чиний ах шүү дээ. Энэ явдлыг зүрх сэтгэлдээ бүү хадгал гэв. Ийнхүү Тамар Абсалом ахынхаа гэрт үлдээд, ганцаараа амьдрав. 21Давид хаан эдгээр бүх хэргийн талаар сонсоод ихэд уурлан хилэгнэв. 22Харин Абсалом Амнонд энэ хэргийн талаар сайн муу юу ч ярьсангүй. Охин дүү Тамарыг нь доромжилсон учир Амноныг Абсалом үзэн ядаж байв.
23Түүнээс хойш бүтэн хоёр жилийн дараа Абсалом Ефраимын ойролцоо Баал-хазорт хонины ноос хяргах баяр хийн, хааны бүх хөвгүүнийг урив. 24Абсалом хаанд бараалхан,
-Харагтун, боол тань ноос хяргах баяр хийх учир хаан өөрийн зарц нарын хамт зарц надтай хамт яваач гэв. 25Гэвч хаан Абсаломд
-Үгүй, хүү минь, бид бүгдээрээ явах хэрэггүй. Учир нь бид чамд дарамт болж магадгүй гэв. Хэдийгээр Абсалом ятгасан ч Давид явсангүй, харин түүнийг ерөөв. 26Тэгэхэд нь Абсалом
-Тэгвэл миний ах Амноныг бидэнтэй хамт явуулаач гэхэд, хаан түүнээс
-Яагаад тэр чамтай явах ёстой билээ? гэж асуув. 27Гэвч Абсалом түүнийг ятгахад тэр Амнон болон хааны бүх хөвгүүнийг түүнтэй хамт явуулав.
28Абсалом зарц нартаа тушааж,
-Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжих үед, мөн би та нарт “Амноныг цохигтун” хэмээн өгүүлмэгц түүнийг алагтун. Бүү айгтун. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй, зоригтой бай гэв. 29Абсаломын зарц нар тушаасан ёсоор нь Амноныг алсан билээ. Тэгэхэд хааны бүх хөвгүүн босож, өөр өөрийн луусыг унан зугтацгаав.
30Тэднийг замдаа явж байх үед Давидад
-Абсалом нь хааны бүх хөвгүүнийг цохин алав. Тэднээс нэг нь ч амьд үлдсэнгүй гэх мэдээ ирэв. 31Тэгэхэд хаан босож, хувцсаа уран, газарт хэвтэв. Түүний бүх зарц дэргэд нь хувцсаа уран зогсож байв. 32Давидын ах Шимеагийн хүү Ионадаб хариулан
-Хааны хөвгүүд болох тэдгээр залуус бүгд алагдав хэмээн эзэнтэн минь бүү бод. Амнон л үхэв. Учир нь дүү охин Тамарыг нь Амнон доромжилсон өдрөөс Абсаломын санаа тодорхой байсан юм. 33Тийм учраас одоо “Хааны бүх хөвгүүд алагдав” хэмээх энэ мэдээг эзэн хаан минь зүрхэндээ бүү байлга. Учир нь ганцхан Амнон л үхэв гэв.
34Абсалом зугтлаа. Харуул залуу нүдээ өргөн харахад, түүний арын уулын хажуугийн замаар олон хүн ирж явав. 35Ионадаб хаанд
-Харагтун, хааны хөвгүүд ирчихээд байна. Таны боолын хэлсний дагуу болжээ хэмээв. 36Түүнийг ийнхүү айлтгамагц хааны хөвгүүд орж ирж, чанга дуугаар уйлалдав. Мөн хаан болон түүний хамаг зарц нар ихэд гашуудан уйлалдав.
37Абсалом зугтан Гешурын хаан Аммихудын хүү Талмаи уруу очжээ. Давид хүүгийнхээ хойноос өдөр бүр гашуудан гуниглаж байв. 38Ийнхүү Абсалом зугтан Гешурт очоод, тэнд гурван жилийн турш байв. 39Давид Хааны зүрх сэтгэл Абсаломын хойноос явахыг эрмэлзэж байв. Учир нь Амнон нас барснаас хойш түүний тухайд Давид тайвширсан байлаа.