6 1Боол мэт буулган дор байгаа бүх хүмүүс өөрсдийн эздээ хүндэлбэл зохистой хэмээн үз. Тэгснээр Бурханы нэр ба сургаал муу хэлэгдэхгүй. 2Итгэгч эзэнтэй боолууд нь эзнийгээ ах дүү хэмээн хүндлэхгүй байж болохгүй. Харин ч тэдэнд бүр илүү үйлчил. Яагаад гэвэл үр ашгийг нь хүртэгчид нь хайрлагдагсад ба итгэгчид шүү дээ.
Эдгээрийг заа, сэнхрүүл. 3Хэрэв хэн нэгэн нь өөр сургаал заавал, мөн бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба сүсэглэлд тохирох сургаалтай санал нэгдэхгүй байвал, 4тэр хүн биеэ тоосон, юу ч ойлгодоггүй хүн байна. Харин тэр маргаантай асуудлууд, үгсийн талаар маргаан хийдэг өвчтэй аж. Эдгээрээс атаархал, маргаан, гүтгэлэг болон бузар хардалт, 5ялзарсан оюун ухаантай, үнэнгүй болсон, сүсэглэлийг ашиг хонжоо олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн хоорондох байнгын маргаан гардаг байна. 6Харин сүсэглэл ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн. 7Учир нь бид ертөнцөд юуг ч авчраагүй. Мэдээж бид эндээс юуг ч бас авч гарч чадахгүй. 8Хэрэв бидэнд хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. 9Харин баяжих хүсэлтэй хүмүүс сорилтод ба урхи, мөн зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг. 10Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.
11Харин Бурханы эр хүн ээ, чи энэ бүгдээс зайлсхий. Зөв байдал, сүсэглэл, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг эрхэмлэ. 12Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг барьж ав. Чи мөнх амь уруу дуудагдсан бөгөөд олон гэрч нарын өмнө сайн гэрчлэл хийсэн. 13Бүх юмсад амийг өгөгч Бурханы өмнө би чамд тушааж байна. Мөн Понти Пилатын өмнө сайн гэрчлэлийг гэрчлэн айлдсан Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна. 14Бидний Эзэн Есүс Христийг үзэгдэх хүртэл чи тушаалыг алдаа гаргалгүй, гэм зэмгүйгээр сахь. 15Ерөөлт бөгөөд цорын ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн нь зохистой цагт үүнийг харуулна. 16Тэр ганцаараа үхэшгүй мөнхийг эзэмшдэг бөгөөд хүршгүй гэрлийн дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх хүч нь байх болтугай! Амен.
17Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар бүү тавь, харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд найд хэмээн тушаа. 18Сайныг үйлдэж, сайн үйлсээрээ баян болж, өглөгч бөгөөд хуваалцахад бэлэн бай хэмээн тэдэнд тушаа. 19Ингэхдээ тэд ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн үндэс суурийг тавин эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминд хүрэх юм.
20Тимот оо, чамд хариуцуулсныг хамгаал. Дэмий хоосон үг ярианаас хийгээд “мэдлэг” гэж хуурамчаар нэрлэгдсэн зүйлийн эсэргүүцлийн номлолоос зайлсхий. 21Зарим нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр итгэлээсээ төөрсөн. Нигүүлсэл та нарт байх болтугай.