4 1Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг. 2Тэд өөрсдийн мөс чанартаа халуун төмрөөр тамгалагдан хоёр нүүр гарган худал ярьж, 3гэр бүл болохыг хориглодог, мөн итгэгч нар болон үнэнийг мэдсэн хүмүүс талархалтайгаар хүртэж байг хэмээн Бурханы бүтээсэн хоол хүнсийг цээрлэхийг албаддаг хүмүүс болно. 4Яагаад гэвэл Бурханаар бүтээгдсэн юм бүхэн сайхан. Хэрэв тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох ямар ч зүйл байхгүй. 5Учир нь энэ нь Бурханы үгээр ба залбирлаар ариусгагддаг.
6Чи ах дүүсээ эдгээр зүйлсэд хандуулбал, чи өөрийн дагаж буй эрүүл сургаалын болон итгэлийн үгсээр тэжээгдэн Христ Есүсийн сайн үйлчлэгч байх болно. 7Харин олиггүй, эмгэдийн үлгэрүүдийг бүү зөвшөөр. Нөгөө талаар өөрийгөө сүсэглэлийн зорилгын төлөө дасгалжуул. 8Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тус болох юм. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий сүсэглэл нь бүх зүйлд тустай. 9Энэ нь итгэмжит үг мөн. 10Учир нь бид үүний төлөө ажилладаг, зүтгэдэг. Яагаад гэвэл бүх хүмүүсийн, ялангуяа итгэгчдийн Аврагч болох амьд Бурханд бид өөрсдийн найдвараа тавьсан юм.
11Эдгээр зүйлийг тушаа, зааж сургагтун. 12Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол. 13Намайг очтол Судрын уншлага, ятгалга ба сургаалд санаа тавьж ажиллаарай. 14Чамд байгаа сүнслэг бэлгийг бүү үл хайхар. Энэ нь ахлагчид гар тавихад эш үзүүллэгээр дамжуулж чамд соёрхогдсон юм. 15Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болохын тулд эдгээрт санаа тавь. Тэдгээрийн дотор бай. 16Өөртөө ба сургаалдаа анхаарлаа нарийн хандуул. Эдгээр зүйлд туйлбартай бай. Учир нь үүнийг хийхдээ чи өөрийгөө болон чамайг сонсогчийн хэн хэнийг нь аварна.