3 1Энэ бол итгэмжит үг. Хэрэв хэн нэгэн нь харгалзагч болохыг эрмэлзвэл, тэр сайн ажлыг хүсдэг хүн байна. 2Тиймээс харгалзагч нь гэм зэмгүй байж, нэг эхнэрийн нөхөр, биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэл хүлээсэн, зочломтгой ба заах чадвартай, 3дарсанд шунахайрдаггүй, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлч биш, мөнгөнд дурладаггүй байх ёстой. 4Тэр өөрийн гэрийг сайн захирдаг, бүхий л хүндлэлтэйгээр эрхшээлд хүүхдүүдээ байлгадаг хүн байх 5(Хэрэв хүн өөрийн гэрийг хэрхэн захирахыг мэдэхгүй бол яаж Бурханы чуулганыг халамжлах билээ?) 6бөгөөд шинэ итгэгч байж болохгүй. Эс бөгөөс тэр хүн биеэ тоох вий, диаволын шийтгэлд унах вий. 7Тэрээр буруутгалд хийгээд диаволын урхинд орчихгүйн тулд гадна байгсдаас өөрийнхөө талаар сайн гэрчлэлтэй байх ёстой.
8Үүнчлэн үйлчлэгчид хүндэтгэлтэй хүмүүс байх ёстой. Тэд хоёр хэлтэй биш, дарсанд шунахайрдаггүй, бузар олз ашиг хайдаггүй бөгөөд 9итгэлийн нууцыг цэвэр мөс чанараар сахих учиртай. 10Эхлээд эдгээр нь шалгагдаг. Тэгээд хэрэв тэд гэм зэмгүй бол үйлчлэгчид болог. 11Түүнчлэн эмэгтэйчүүд нь хүндэтгэлтэй, хов жив хөөцөлддөггүй, тэвчээртэй, бүх юманд итгэмжтэй байх ёстой. 12Үйлчлэгч хүн нэг л эхнэрийн нөхөр байх ёстой бөгөөд хүүхдүүдээ болон өөрийн гэр бүлийг сайн захирдаг хүмүүс байг. 13Учир нь сайн үйлчилсэн хүмүүс нь сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүст итгэх итгэлдээ үлэмж их зоригтой болдог.
14Удахгүй чам дээр очно гэдэгт найдан, эдгээр зүйлийг би чамд бичиж байна. 15Хэрэв би саатвал, үнэний багана ба суурь болсон амьд Бурханы чуулган болох Бурханы гэр бүл дотор хүн биеэ яаж авч явах ёстойг чамд мэдүүлэхийн тулд бичлээ. 16Бурханлаг байдлын нууц нь агуу гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрнө.
Махан биеэр илчлэгдсэн Тэр нь
Сүнс дотор зөвтгөгдсөн,
Тэнгэрт элч нарт харагдсан,
Үндэстнүүдийн дунд тунхаглагдсан,
Ертөнцөд итгэгдсэн,
Алдар дотор дээш авагдсан юм.