5 1Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүхэн Бурханаар төрөгсөд болой. Эцэгийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгсдийг ч хайрладаг. 2Бид Бурханыг хайрлаж, Түүний тушаалуудыг сахиж байгаа цагт Бурханы хүүхдүүдийг хайрладаг гэдгээ бид үүгээр мэднэ. 3Бурханы хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ. 4Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг дийлсэн ялалт нь бидний итгэл болой. 5Есүс бол Бурханы Хүү мөн гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ?
6Энэ бол ус ба цусаар ирсэн нэгэн буюу Есүс Христ юм. Тэр зөвхөн усаар биш, харин ус ба цусаар ирсэн. Гэрчлэгч нь Сүнс юм. Учир нь Сүнс бол үнэн мөн. 7Гэрчлэгч нь гурав бөгөөд 8Сүнс, ус болон цус юм. Энэ гурав нь нэг болой. 9Хэрэв бид хүний гэрчлэлийг хүлээн авдаг бол, Бурханы гэрчлэл нь илүү агуу юм. Учир нь энэ бол Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэл мөн. 10Бурханы Хүүд итгэдэг нэгэн нь дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй хүн Түүнийг худалч болгож байна. Учир нь Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэлд тэр итгэсэнгүй. 11Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амийг өгсөн бөгөөд энэхүү амь нь Түүний Хүүгийн дотор байна. 12Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй.
13Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн. 14Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. 15Бид юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ.
16Хэрэв хэн нэг нь үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэж байгаа ах дүүгээ харвал, залбиран гуй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэгсдэд амийг Тэр өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж бий. Үүний төлөө залбир гэж би хэлэхгүй. 17Зөвт бус байдал нь бүгдээрээ нүгэл мөн. Үхэлд хүргэхгүй нүгэл гэж бий.
18Бурханаар төрсөн хэн боловч нүгэл үйлддэггүйг бид мэднэ. Харин Бурханаар төрсөн Тэрээр түүнийг хамгаалдаг бөгөөд муу нэгэн түүнд хүрэхгүй. 19Бид Бурханых, харин бүх ертөнц нь муу нэгний дотор байдгийг мэднэ. 20Бурханы Хүү ирээд, бидэнд үнэн Нэгэнийг мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн Нэгэн болох Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ. 21Бяцхан хүүхдүүд ээ, та нар шүтээнүүдээс өөрсдийгөө хамгаалагтун.