2 1Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэрэв хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн. 2Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн төлөө бус, бас бүх ертөнцийн нүглийн төлөө билээ. 3Хэрэв бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ. 4“Түүнийг би мэднэ” гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нэгэн бол худалч бөгөөд түүний дотор үнэн байхгүй. 5Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ. 6Түүний дотор оршдог гэж ярьдаг нэгэн Түүний хэрхэн явсанчлан өөрөө бас тийн явдаг байх ёстой.
7Хайртууд минь, би та нарт шинэ тушаалыг бус, харин эхнээсээ та нарт байсан хуучин тушаалыг бичиж байна. Энэхүү хуучин тушаал бол та нарын сонссон үг юм. 8Нөгөө талаар, харанхуй нь өнгөрч, жинхэнэ гэрэл хэдийн гийгүүлж байгаа тул Түүний болон та нарын дотор үнэн болох шинэ тушаалыг би та нарт бичиж байна. 9Гэрлийн дотор байдаг гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм. 10Ах дүүгээ хайрладаг нэгэн нь гэрлийн дотор байгаа бөгөөд түүний дотор бүдрүүлэх шалтгаан байхгүй. 11Харин ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхаж, харанхуй нүдийг нь сохолсон тул хаашаа яваагаа ч мэддэггүй. 12Бяцхан хүүхдүүд ээ, нүгэл чинь Түүний нэрийн учир уучлагдсан тул би та нарт бичиж байна. 13Эцгүүд ээ, эхнээсээ байсаар байгаа Түүнийг та нар мэддэг тул би та нарт бичиж байна. Залуус аа, та нар муу нэгнийг дийлсэн тул би та нарт бичиж байна. 14Нялхас аа, та нар Эцэгийг мэддэг тул би та нарт бичсэн. Эцгүүд ээ, эхнээсээ байсаар байгаа Түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуус аа, та нар хүчтэй, Бурханы үг та нарын дотор байдаг бөгөөд муу нэгнийг дийлсэн тул би та нарт бичсэн.
15Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй. 16Учир нь ертөнцөд байгаа бүхэн тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцэгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм. 17Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог.
18Нялхас аа, энэ бол эцсийн цаг. Христийг эсэргүүцэгч нь ирж байна гэж та нар сонссончлон, одоо ч гэсэн Христийг эсэргүүцэгчид олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ. 19Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь хэрэв тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэднийг бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм. 20Харин та нар Ариун Нэгэнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ. 21Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн биш, харин түүнийг мэддэг бөгөөд ямар ч худал нь үнэнээс гардаггүй учир би та нарт бичсэн. 22Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ бол Христийг эсэргүүцэгч буюу Эцэг болоод Хүүг үгүйсгэгч юм. 23Хэн Хүүг үгүйсгэнэ түүнд Эцэг байхгүй. Хүүг хэн хүлээн зөвшөөрнө түүнд Эцэг ч бий. 24Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байг. Хэрэв эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байвал, та нар мөн Хүү болоод Эцэгийн дотор байх болно. 25Энэ бол Тэр Өөрөө бидэнд амласан амлалт болох мөнх амь юм.
26Та нарыг мэхлэхийг оролдож буй хүмүүсийн талаар эдгээрийг би та нарт бичсэн. 27Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.
28Бяцхан хүүхдүүд ээ, одоо та нар Түүний дотор бай. Тэгвэл Түүнийг үзэгдэх үед бид Түүний өмнө зоригтой байж, Түүнийг ирэхэд өмнө нь ичгүүргүй байх болно. 29Хэрэв та нар Түүний зөвт гэдгийг мэдвэл, зөвийг үйлдэгч хүн бүр Түүнээс төрсөн гэдгийг бас мэднэ.