3 1Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол тийм юм. Иймээс ертөнц Түүнийг мэдээгүй тул биднийг мэддэггүй. 2Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар байх нь хараахан үзэгдээгүй. Түүнийг үзэгдэх үед бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг яг байгаагаар нь харах болно. 3Түүнд ийнхүү найдаж байгаа аливаа хүн өөрийгөө цэвэршүүлдэг. Учир нь Тэр цэвэр ажээ.
4Нүгэл үйлддэг хүн бүр бас ёс бус хэрэг үйлддэг. Нүгэл бол ёс бус хэрэг юм. 5Нүглүүдийг зайлуулахын тулд Тэр үзэгдсэн гэдгийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй. 6Түүний дотор байгч хэн ч нүгэл үйлддэггүй. Нүгэл үйлддэг хэн ч Түүнийг үзээгүй, мэдээгүй. 7Бяцхан хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Зөвийг үйлдэгч нэгэн нь Түүний зөвт байгаачлан зөвт байна. 8Нүгэл үйлддэг нэгэн нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү энэ зорилгын төлөө үзэгджээ. 9Бурханаас төрөгч ямар ч хүн нүгэл үйлддэггүй. Учир нь Бурханы үр түүний дотор байгаа. Тэр хүн Бурханаас төрсөн тул нүгэл үйлдэж чаддаггүй. 10Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр танигддаг юм. Зөвийг үйлддэггүй аливаа хүн Бурханых биш. Ах дүүгээ хайрладаггүй нэгэн нь ч Бурханых биш.
11Бид бие биеэ хайрлах ёстой гэдэг нь та нарын эхнээсээ сонссон мэдээ билээ. 12Каин шиг биш. Тэр бол муу нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан юм. Ямар шалтгаанаас болж тэр түүнийг алав? Яагаад гэвэл өөрийнх нь ажил үйлс бузар муу, дүүгийнх нь ажил үйлс зөвт байсан аж. 13Ах дүү нар аа, хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх. 14Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс амь уруу шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхлийн дотор байна. 15Ах дүүгээ үзэн яддаг нэгэн нь алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөнх амь байдаггүйг та нар мэднэ. 16Бидний төлөө Тэр Өөрийн амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх ёстой. 17Дэлхийн эд хөрөнгөтэй хэн нэгэн нь өөрийн ах дүүгийн хэрэгцээ, гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал, түүний дотор Бурханы хайр хэрхэн байх билээ? 18Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин ажил үйлс, үнэнээр хайрлацгаая.
19Үүгээр бид үнэнийх болохоо мэдэж, Түүний өмнө зүрхээ бататгах болно. 20Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан бидний зүрхнээс аугаа бөгөөд бүх юмсыг мэддэг. 21Хайртууд минь, хэрэв зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж, 22гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид Түүний тушаалуудыг сахиж, Түүний мэлмийд тааламжтай зүйлсийг үйлддэг билээ. 23Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, Түүний бидэнд тушаасан ёсоор бие биеэ хайрлах нь Түүний тушаал юм. 24Түүний тушаалуудыг сахигч нь Түүний дотор байж, Тэр түүний дотор байна. Бидний дотор Тэр байгааг Түүний бидэнд өгсөн Сүнсээр дамжуулан бид мэддэг.