3 1Удирдагчид ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай байж, аливаа сайн үйлд бэлэн байн, 2хэнийг ч муулахгүй, хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх хүмүүст бүх талаар даруухан байдлыг харуулахыг тэдэнд сануул. 3Учир нь бид бас өөрсдөө урьд нь мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, зүсэн бүрийн хүсэл тачаал хийгээд зугаа цэнгэлд боолчлогдсон, муучлал болон атаа жөтөө дотор амьдралаа өнгөрөөн, бие биеэ үзэн ядаж, жигшүүрт байсан. 4Харин бидний Аврагч Бурханы энэрэл болон хүн төрөлхтний төлөө гэсэн хайр нь ил болоход 5Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин Өөрийнхөө өршөөлийн дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний сэргээлтээр аварсан юм. 6Ариун Сүнсийг бидэн дээр Тэр бидний Аврагч Есүс Христээр дамжуулан арвин асгав. 7Түүний нигүүлслээр зөвтгөгдсөнөөр бид мөнхийн амийн найдварын дагуу өв залгамжлагчид болгогдох юм.
8Энэ бол итгэмжит үг. Эдгээр зүйлсийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн хүмүүс сайн үйлс сахихдаа хянуур болох юм. Ингэх нь сайн бөгөөд хүмүүст тустай. 9Харин мунхаг маргалдаан, угийн бичиг, Хуулийн талаарх мэтгэлцээн ба тэмцлээс зугт. Ингэх нь ашиггүй хийгээд зохисгүй. 10Зөрчилдсөн хүнээс анхны ба хоёр дахь удаагийн сануулгын дараа зайлсхий. 11Тийм хүн гажууд болгогдсон бөгөөд өөрийгөө буруутган нүгэл хийдгийг мэд.
12Би Артемыг, эсвэл Тухикийг чам уруу илгээх үед чи Никополд над уруу яаралтай ирээрэй. Тэнд өвлийг өнгөрөөе гэж би шийдлээ. 13Хуульч Зен болон Апол нарт аян замд нь хичээнгүйлэн туслаарай. Тэгвэл тэд дутагдах зүйлгүй болно. 14Мөн манайхан өөрсдөө үр дүнгүй байхгүйн тулд зайлшгүй хэрэгцээг хангаж,сайн үйлсийг хичээнгүйлэн хийхэд суралцаг.
15Надтай хамт байгаа бүх хүн чамд мэнд хүргэж байна. Итгэл дотор биднийг хайрлагсдад мэнд уламжлаарай. Нигүүлсэл нь та бүгдэд байх болтугай.