1 1Петуелийн хүү Иоелд ирсэн ЭЗЭНий үг:
2Ахмадууд аа, үүнийг сонсогтун.
Энэ газрын бүх оршин суугчид чагнагтун.
Та нарын үед, эсвэл эцэг өвгөдийн чинь үед үүнтэй адил явдал болсон уу?
3Үүний тухай хөвгүүддээ хэлж,
хөвгүүд чинь бас хөвгүүддээ дамжуулан,
тэдний хөвгүүд нь дараагийн үедээ дамжуулан хэлэгтүн.
4Зажлагч голионы үлдээсэн юмыг сүрэг голио идэж,
сүрэг голионы үлдээснийг мөлхөгч голио идэж,
мөлхөгч голионы үлдээснийг сүйтгэгч голио идсэн юм.
5Та нарын амнаас салгагдсан чихэрлэг усан үзмийн дарсны төлөө,
усан үзмийн дарс уугч бүгд ээ, орилон уйлагтун.
Сэрэгтүн, архичид аа. Уйлагтун.
6Тоолшгүй, хүчирхэг үндэстэн миний нутгийг эзлэн авчээ.
Түүний шүд нь арслангийн шүд мэт, түүнд эм арслангийн соёо бий.
7Тэрээр миний усан үзмийн модыг сүйтгэж,
миний инжрийн модыг цуулжээ.
Тэрээр модны хальсыг нь хуулж,
тэднийг унагасанд мөчрүүд нь цагаарсан юм.
8Тааран хувцас нөмөрсөн онгон бүсгүйн адил идэр залуу үеийнхээ болзоот залуугийн төлөө орилон уйлагтун.
9Идээн өргөл болон ундаан өргөл нь ЭЗЭНий өргөөнөөс тасарч,
ЭЗЭНий үйлчлэгчид болох тахилч нар гашуудна.
10Тариалангийн талбай бусниулагдаж, газар ч гашуудна.
Учир нь тариа бусниулагдаж, усан үзмийн шинэ дарс ширгэн,
шинэхэн тос ч хатсан юм.
11Тариачид аа, ичицгээгтүн.
Усан үзэм тариалагчид аа, улаан буудай болон арвайн төлөө уйлагтун.
Учир нь тариалангийн талбайн ургац устгагдсан.
12Усан үзмийн мод гандан, инжрийн мод хатжээ.
Анарын мод, далдуу мод, алимын мод болон талбайн бүх модод хувхайран хатав.
Хүний хөвгүүдээс баяр баясгалан алга болов.
13Тахилч нар аа, биедээ таар нөмөрч, гашуудагтун.
Тахилын ширээний үйлчлэгчид ээ, орилон уйлагтун.
Миний Бурханы үйлчлэгчид ээ, ирж, таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн.
Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь та нарын Бурханы өргөөнөөс хойш татагдсан юм.
14Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун.
Ахмадууд болон энэ улсын бүх оршин суугчдыг өөрсдийн Бурхан ЭЗЭНий өргөөнд цуглуулж,
ЭЗЭНд хандаж хашхирагтун.
15Тэр өдөр гаслантай яа! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна.
Тэр өдөр нь Төгс хүчит Нэгэнээс ирдэг сүйрэлтэй адил ирнэ.
16Бидний нүдний өмнө хоол хүнс салгагдаж,
бидний Бурханы өргөөнөөс баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?
17Тариа гандсан тул үрнүүд нь шавар дор гандан хатаж,
агуулахууд бусниулагдан хаягдаж, зоориуд эвдэрсэн юм.
18Араатан адгуус ямар их зовон тарчилж байна вэ!
Бэлчээргүйгээс болж үхрийн сүрэг чиг зүггүй хэрэн тэнэж байна.
Хонин сүрэг ч зовж байна.
19ЭЗЭН, би Тан уруу хашхирна.
Учир нь хээрийн бэлчээрүүдийг гал залгиж,
тал газрын бүх модыг галын дөл шатаасан.
20Хээрийн зэрлэг араатнууд ч хүртэл Тан уруу тэмүүлж байна.
Учир нь усны урсгалууд татарч, хээрийн бэлчээрүүдийг гал залгисан.