3 1Үзэгтүн, Иуда болон Иерусалимын хувь тавиланг сэргээх тэр үед, тэдгээр өдрүүдэд
2Би бүх үндэстнийг цуглуулан, тэднийг Иехошафатын хөндийд авчирна.
Тэгээд Би Өөрийн ард түмэн, Өөрийн өв болох Израилийн өмнөөс тэднийг тэнд шүүнэ.
Тэд Миний ард түмнийг үндэстнүүдийн дунд тараан, Миний газрыг хуваан авсан.
3Тэд бас Миний ард түмний төлөө шодон,
хөвгүүдийг янхан болгохоор худалдан,
охидыг уух дарсныхаа төлөө зарсан билээ. 4Тир, Сидон ба Филистийн бүх газар нутгаа, та нар Миний хувьд юу юм бэ? Та нар Надад хариу төлөх гэж байна уу? Харин хэрэв та нар Надад хариу төлөх юм бол Би та нарын хариуг толгойн дээр чинь үтэр түргэн буцаана. 5Та нар Миний алт, мөнгийг авч, Миний үнэт эрдэнэсийг өөрсдийнхөө сүмүүд уруу зөөн явсан бөгөөд 6Иудагийн болон Иерусалимын хөвгүүдийг газар нутгаас нь зайлуулахын тулд тэднийг грекчүүдэд зарсан учраас, 7үзэгтүн, та нарын тэднийг зарсан тэр газраас нь Би тэднийг босгон, та нарын толгой дээр хариуг нь буцаах гэж байна. 8Мөн би та нарын хөвгүүд, охидыг Иудагийн хөвгүүдийн гарт зарна. Тэд тэднийг сабечууд буюу алс холын үндэстэнд зарна” гэв. Учир нь ЭЗЭН айлдсан.
9Үндэстнүүдийн дунд үүнийг тунхагла.
Дайнд бэлтгэ.
Хүчирхэг эрсийг босгогтун!
Бүх цэргүүдийг ойртуулан, дээшээ гаргагтун!
10Өөрсдийн анжсуудаа сэлэм болгон, хадууруудаа жад болгон давт.
Сул дорой хүн нь “Би хүчирхэг хүн” гэж хэлэг.
11Эргэн тойрны бүх үндэстнүүд ээ, яаран ирж, тэнд цугларагтун.
ЭЗЭН, Та хүчтэнүүдээ буулгаж өгөөч.
12Үндэстнүүдийг босгоцгоож, Иехошафатын хөндий уруу ирүүлэгтүн.
Учир нь тэнд Би эргэн тойрны бүх үндэстнүүдийг шүүхээр суух болно.
13Ургац боловсорсон тул хадуурыг оруулагтун.
Дарсны шахуурга нь дүүрэн байгаа тул ирээд гишгэгтүн.
Тэдний бузар муу явдал нь асар их учраас торхнууд сагаж байна.
14Шийдвэрлэх хөндийд бөөн, бөөн хүмүүс байна!
Учир нь ЭЗЭНий өдөр шийдвэрлэх хөндийд ойрхон байна.
15Нар, сар харанхуйлж, оддын гэрэл ч бөхнө.
16ЭЗЭН Сионоос хүрхэрч, Иерусалимаас дуугаа гаргаж байна.
Тэнгэр ба газар чичирнэ.
Гэвч ЭЗЭН бол ард түмнийхээ хоргодох газар, Израилийн хөвгүүдэд бат цайз болдог.
17Тэгэхэд та нар Намайг Өөрийн ариун уул Сионд оршигч,
та нарын Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
Иймээс Иерусалим нь ариун болж, харь хүмүүс хойшид түүгээр дайрч өнгөрөхгүй.
18Тэр өдөр уулс чихэрлэг дарсыг дуслуулж,
толгод сүүгээр урсаж, Иудагийн бүх горхинд ус урсах болно.
ЭЗЭНий өргөөнөөс нэгэн булаг оргилж, Шиттимийн хөндийг услах болно.
19Тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан,
нутагт нь гэмгүй цусыг урсгасан учраас
Египет нь сөнөмөл газар, Едом нь зэлүүд нутаг болно.
20Харин Иудад үүрд мөнхөд,
Иерусалимд бүх үеийн туршид хүн амьдран нутаглана.
21Би хариугаа аваагүй цусных нь хариуг тэднээс нэхнэ.
Учир нь ЭЗЭН Сионд оршдог.