4 1Та нарын дундах хэрүүл болон зөрчлийн үндэс юу вэ? Тэр нь эрхтнүүдэд чинь дайтаж буй та нарын хүслүүд биш үү? 2Та нар шунан хүсдэг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж, хэрэлддэг. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. 3Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар өөрсдийн тааламжид зарцуулъя хэмээн буруу хандлагаар гуйдаг байна. 4Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм. 5Эсвэл ямар ч зорилгогүйгээр Сударт “Түүний бидний дотор нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу? 6Гэвч Тэр илүү их нигүүлслийг өгдөг. Тиймээс “Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдөг” гэдэг. 7Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. 8Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт хүмүүс та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс та нар зүрхээ ариусга. 9Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог. 10Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.
11Ах дүү нар аа, бие биеэ бүү гүжирд. Ах дүүгээ гүжирддэг эсвэл өөрийн ах дүүг шүүдэг хүн бол хуулийг гүжирдэгч болон хуулийг шүүгч ажээ. Хэрэв та хуулийг шүүвэл та хуулийг биелүүлэгч биш, харин шүүгч аж. 12Хууль Тогтоогч ба Шүүгч нь зөвхөн ганц байдаг бөгөөд Тэр нь аварч, устгаж ч чадна. Харин хөршөө шүүгч та хэн юм бэ?
13“Өнөөдөр, эсвэл маргааш бид тийм, тийм хот уруу явж, тэндээ нэг жил байж, худалдаа хийж ашиг олно” гэж яригч та нар одоо наашаа ирэгтүн. 14Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ. 15Та ингэж хэлэхийн оронд, харин “Хэрэв Эзэн хүсвэл, бид амьд байж, үүнийг болон түүнийг хийнэ” гэж яривал зохино. 16Харин үүнтэй адил, та нар өөрсдийнхөө бодол дотор бардамнан сайрхдаг. Иймэрхүү аливаа сайрхал нь бузар юм. 17Тийм учир зөв юмыг үйлдэхийг мэддэг хэрнээ үл үйлддэг хүнд энэ нь нүгэл юм.