2 1Ах дүүс минь, алдарт Эзэн болох бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлдээ бусдыг бүү алагчил. 2Хэрэв танай цуглаанд хээнцэр хувцасласан, алтан бөгжтэй хүн, мөн бохир хувцастай ядуу хүн орж ирвэл, 3та нар хээнцэр хувцас өмссөн нэгнийг нь онцгой анхаарч “Та энд тухлан суу” гээд, харин ядуу хүнд “Чи тэнд зогс, эсвэл миний хөлийн гишгүүр хавьд суу” гэвэл, 4та нар өөрсдийнхөө дунд ялгаварлалыг бий болгож, бузар бодол санаатай шүүгчид болсон бус уу?
5Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэл дотор баян байлгахын тулд сонгоогүй гэж үү? 6Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү? 7Та нарт өгөгдсөн эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү? 8Хэрэв та нар хаан хууль болох “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэснийг Судрын дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна. 9Харин та нар хүнийг алаг үзвэл, та нар нүгэл үйлдэж, хэрэгтэн мэт хуулиар яллагдах болно. 10Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно. 11Учир нь “Бүү завхайр” гэж айлдсан Тэр бас “Хүн бүү ал” гэсэн юм. Хэрэв чи завхайраагүй хэрнээ хүн албал, хуулийн гэмт хэрэгтэн болно. 12Эрх чөлөөний хуулиар шүүгдэх гэж буй тэр хүмүүс шиг тийнхүү ярь, тийнхүү үйлд. 13Учир нь өршөөлгүй хүнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг ялдаг.
14Ах дүүс минь, хэрэв хүн “Надад итгэл бий” гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Тийм итгэл түүнийг аварч чадна гэж үү? 15Хэрэв ах дүү чинь, эсвэл эгч дүү чинь өмсөх хувцасгүй, өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь, 16та нарын нэг чинь тэдэнд “Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай” гэж хэлчихээд биед нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ? 17Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.
18Гэвч хэн нэг чинь “Чамд итгэл байна. Харин надад үйлс байна. Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд өөрийн итгэлийг үйлсээрээ харуулъя” гэж хэлж болох юм. 19Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн хэрэг. Чөтгөрүүд ч мөн үүнд итгэдэг бөгөөд чичирдэг юм. 20Мунхаг хүн ээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу? 21Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр өөрийн хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү? 22Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна. 23“Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвт байдалд тооцогдуулсан юм” гэж өгүүлдэг Судар биелэгдсэн бөгөөд Абрахам Бурханы анд нөхөр гэж дуудагдах болсон. 24Хүн зөвхөн итгэлээр бус, үйлсээр зөвтгөгддөгийг чи харж байна. 25Мөн үүний адилаар янхан эм Рахаб элч нарыг хүлээн авч, тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж үү? 26Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой.