8 1Энэ бол Артаксеркс хааны хаанчлалын үед надтай хамт Вавилоноос явсан хүмүүсийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд ба тэдний угийн бичгийн бүртгэл юм. 2Финехасын хөвгүүдээс Гершом, Итамарын хөвгүүдээс Даниел, Давидын хөвгүүдээс Хаттуш, 3Парошийн хөвгүүдийнх болох Шеканиагийн хөвгүүдээс Зехариа болон түүнтэй хамт угийн бичгийн жагсаалтанд буй зуун тавин эрчүүд, 4Пахат-моабын хөвгүүдээс Зерахиагийн хүү Елиехоенаи болон түүнтэй хамт хоёр зуун эрчүүд, 5Шеканиагийн хөвгүүдээс Иахазиелын хүү болон түүнтэй хамт гурван зуун эрчүүд, 6Адины хөвгүүдээс Ионатаны хүү Ебед болон түүнтэй хамт тавин эрчүүд, 7Еламын хөвгүүдээс Аталиагийн хүү Иешаиа болон түүнтэй хамт далан эрчүүд, 8Шефатиагийн хөвгүүдээс Михаелын хүү Зебадиа болон түүнтэй хамт наян эрчүүд, 9Иоабын хөвгүүдээс Иехиелийн хүү Обадиа болон түүнтэй хамт хоёр зуун арван найман эрчүүд, 10Шеломитын хөвгүүдээс Иосифиагийн хүү болон түүнтэй хамт зуун жаран эрчүүд, 11Бебаин хөвгүүдээс Бебаин хүү Зехариа болон түүнтэй хамт хорин найман эрчүүд, 12Азгадын хөвгүүдээс Хаккатаны хүү Иоханан болон түүнтэй хамт зуун арван эрчүүд, 13Адоникамын хөвгүүдээс сүүлчийн хүмүүс буюу тэдний нэрс гэвэл, Елифелет, Иеуел ба Шемаиа болон тэдэнтэй хамт жаран эрчүүд, 14Бигваин хөвгүүдээс Утаи ба Заббуд болон тэдэнтэй хамт далан эрчүүд болой.
15Би тэднийг Ахава уруу урсдаг гол дээр цуглуулж, тэнд бид гурав хоногийн турш буудаллав. Би хүмүүсийг болон тахилч нарыг ажиглаж байхдаа тэндээс нэг ч Леви хүнийг олоогүй. 16Тэгээд би Елиезер, Ариел, Шемаиа, Елнатан, Иариб, Елнатан, Натан, Зехариа ба Мешуллам хэмээх удирдах хүмүүсийг болон Иоиариб, Елнатан хэмээх багш нарыг дуудуулахаар хүмүүсийг илгээв. 17Би тэднийг Касифиа газрын удирдах хүн Иддо уруу илгээв. Бидний Бурханы өргөөний төлөө бидэн уруу үйлчлэгчдийг авчрахын тулд Иддо болон Касифиа газар дахь сүмийн үйлчлэгчид болох түүний ах дүү нарт юу хэлэхийг нь би тэдэнд зааж өгөв. 18Бидний дээрх Бурханы сайн мутрын дагуу тэд бидэнд нэгэн билиг ухаантай хүн болох Шеребиа болон түүний хөвгүүд, ах дүү нар арван найман хүнийг авчрав. Шеребиа нь Израилийн хүү Левийн хүү Махлийн хөвгүүдээс гаралтай юм. 19Хашабиа болон Мерарийн хөвгүүдээс Иешаиа, өөрийн ах дүү нар болон тэдний хөвгүүдтэй хамт хорин хүн. 20Мөн левичүүдэд үйлчлүүлэхээр Давид ба ноёдын өгсөн сүмийн үйлчлэгчдээс хоёр зуун хорин хүн буюу бүгд нэр нэрээрээ тэмдэглэгдсэн юм.
21Тэгээд Түүнээс өөрсдийнхөө төлөө болон багачууд, бүх эд хөрөнгөнийхөө төлөө аюулгүй аян замыг гуйхын тулд Бурханыхаа өмнө өөрсдийгөө даруу болгохоор би тэнд Ахава голын дэргэд мацаг барилтыг зарлав. 22Учир нь замд учрах дайснаас хамгаалуулахын тулд цэрэг ба морьтонгуудыг хаанаас гуйхаас би ичсэн юм. Яагаад гэвэл бид хаанд “Бидний Бурханы мутар Өөрийг нь эрж буй бүхэнд ээлтэй ханддаг боловч, Түүний хүч чадал, уур хилэн нь Өөрийг нь орхидог бүхний эсрэг байдаг” гэж хэлсэн юм. 23Тиймээс бид мацаг барьж, энэ асуудлын тухайд Бурханаа эрэлхийлсэн бөгөөд Тэр бидний гуйлтыг сонсов.
24Тэгээд би арван хоёр удирдах тахилч нар болох Шеребиа, Хашабиа болон тэдний хамт ах дүү нараас нь арвыг тусгаарлаж, 25хаан болон түүний зөвлөхүүд, түүний ноёд болон тэнд байсан бүх израильчуудын манай Бурханы өргөөний төлөө өргөсөн мөнгө, алт, сав суулгууд өргөлүүдийг би тэдэнд жинлэж өгөв. 26Ийнхүү би тэдний гарт зургаан зуун тавин талант мөнгө, зуун талантын үнэтэй мөнгөн сав суулгууд, зуун алтан талант, 27мянган дарикийн үнэтэй хорин алтан хул, алт мэт үнэтэй гялалзсан хоёр хүрэл савыг жинлэж өгөв. 28Тэгээд би тэдэнд
-Та нар ЭЗЭНд ариун. Сав суулгууд ч ариун. Эдгээр мөнгө, алт нь та нарын эцэг дээдсийн Бурхан ЭЗЭНд сайн дураар өргөсөн өргөл билээ. 29ЭЗЭНий өргөөний өрөөнүүдэд, Иерусалим дахь Израилийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, левичүүд болон удирдах тахилч нарын өмнө жинлэж өгтлөө тэднийг харж хадгал гэв. 30Тэгээд жинлэж өгсөн мөнгө, алт ба сав суулгуудыг Иерусалим уруу бидний Бурханы өргөөнд авчрахаар тахилч нар болон левичүүд хүлээн авцгаав.
31Дараа нь бид Ахава голоос Иерусалим уруу явахаар нэгдүгээр сарын арван хоёронд гарлаа. Манай Бурханы мутар бидний дээр байсан бөгөөд Тэр биднийг замын дагуух отолтууд болон дайсны гараас гэтэлгэв. 32Ийнхүү бид Иерусалимд ирж, тэнд гурав хоног байлаа. 33Тэгээд дөрөв дэх өдөр нь мөнгө, алт ба сав суулгуудыг бидний Бурханы өргөөнд тахилч Уриагийн хүү Меремотын гарт жинлэж өгөв. Түүнтэй хамт Финехасын хүү Елеазар байсан бөгөөд тэдэнтэй хамт левичүүд болох Иешуагийн хүү Иозабад ба Биннуин хүү Ноадиа нар байв. 34Бүх зүйлсийг дугаарлаж, жинлэж, мөн бүх жин хэмжээг нь тэр үед тэмдэглэж авсан юм.
35Олзноос ирсэн цөлөгдөгсөд Израилийн Бурханд шатаалт тахилуудыг өргөв. Бүх Израилийн төлөө арван хоёр бух, ерэн зургаан хуц, далан долоон хурга, нүглийн төлөөх тахилын арван хоёр ухна энэ бүгдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон өргөв. 36Тэгээд тэд Евфрат мөрний тэртээх мужуудын захирагчид ба хааны засаг ноёдод хааны зарлигийг уламжилсан бөгөөд тэд хүмүүсийг болон Бурханы өргөөг тэтгэн туслав.