8 1Тэр өдөр хаан Ахашверош иудейчүүдийн дайсан Хаманы гэрийг хатан Естерт өгсөн бөгөөд Мордехаи хааны өмнө ирэв. Учир нь Естер өөрийнх нь хувьд тэр хэн байсныг илчилсэн ажээ. 2Тэгээд Хаманаас авсан өөрийн тамгат бөгжөө хаан сугалан авч Мордехаид өгөв. Естер Мордехаиг Хаманы гэрийнхний захирагчаар томилов.
3Тэгээд Естер хаантай дахин хөлд нь унан уйлж, агаг хүн Хаманы хорон муу төлөвлөгөөг болон иудейчүүдийн эсрэг түүний санаачилсан хуйвалдааныг болиулахыг түүнээс гуйв. 4Хаан очирт алтан таягаа Естер уруу сунгав. Тиймээс Естер босон, хааны өмнө зогсов. 5Дараа нь тэр ийн хэлэв.
—Хэрэв хаан үүнийг таалбал, хэрэв би хааны өмнө тааллыг нь олсон бол, мөн энэ хэрэг хаанд зөв санагдан, би түүний нүдэнд тааламжит болох аваас агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманы санаачилсан, хааны бүх мужууд дахь иудейчүүдийг устгахаар бичсэн захидлуудыг хүчингүй болгох зарлиг бичигдэг. 6Учир нь би миний ард түмэнд учрах аюулыг хэрхэн харж тэвчих билээ? Мөн би өөрийнхөө төрөл садны сүйрлийг хэрхэн харж тэвчих билээ? гэв. 7Тиймээс Ахашверош хаан Естер хатанд болон иудей хүн Мордехаид ийн хэлэв.
—Үзэгтүн! Би Хаманы гэрийг Естерт өгсөн бөгөөд Хаман иудейчүүдийн эсрэг гар сунгасан учир түүнийг тэд дүүжлүүрт дүүжилсэн. 8Одоо та нар зохистой гэж үзсэн зүйлээ хааны нэр дээр иудейчүүдэд хандан бичиж, хааны тамгат бөгжөөр тамгал! Учир нь хааны нэр дээр бичигдсэн, хааны тамгат бөгжөөр тамгалагдсан зарлиг нь хүчингүй болдоггүй.
9
Тэгээд тэр цагт буюу гуравдугаар сард (энэ нь Сиван сар юм), хорин гуравны өдөр хааны гүүш нарыг дуудан, Энэтхэгээс Етиоп хүртэл үргэлжлэх зуун хорин долоон мужийн иудейчүүд, эрх баригчид, захирагчид, амбан захирагчдад иудейчүүдэд өөрсдийнх нь бичиг үсэг болон хэлээр бичүүлэхээс гадна муж бүрд өөрсдийнх нь бичиг үсгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр Мордехаин тушаасан бүгдийн дагуу бичүүлэв. 10Тэгээд тэр хаан Ахашверошийн нэр дээр зарлигийг бичиж, хааны тамгат бөгжөөр тамгалан, захидлуудыг хааны морьдын жүчээний хурдан хүлгүүдийг унасан зарлагуудаар илгээв. 11Уг захидлуудад хаан, хот бүрд буй иудейчүүдийг цуглан өөрсдийн амиа хамгаалах, мөн аль ч мужид, өөр үндэстэн иудейчүүдийг довтолбол, тэдний эсрэг довтлогчдыг байтугай, тэдний хүүхдүүд, эхнэрүүдийг устгах, алах, хүйс тэмтрэх мөн тэдний олзыг тонон дээрэмдэх эрхийг 12Ахашверош хааны бүх мужид арван хоёрдугаар сарын (тэр нь Адар сар) арван гурав дахь өдөрт нэг өдөр олгов. 13Муж бүрд хууль болгон гарах зарлигийн хуулбар нь иудейчүүдийг дайснуудаасаа өшөөгөө авахад бэлэн байлгахын тулд бүх ард түмэнд мэдэгдэв. 14Хааны зарлигаар дайчлагдсан зарлагууд яаравчлан хааны
морьдыг унан гарцгаав. Нийслэл Сусад зарлиг тунхаглагдав.
15Хааны дэргэдээс Мордехаи хааны хөх, цагаан дээлтэй, том алтан титэмтэй, нарийн маалинган нил ягаан хувцастай гарч ирэхэд Суса хот ихэд баясан хашхиралдав. 16Иудейчүүдийн хувьд энэ нь гэрэл гэгээ, баяр хөөр, баясгалан, хүндэтгэл байв. 17Муж бүрд, хот бүрд, хааны тушаал болон зарлиг хүрсэн газар бүхэнд иудейчүүдийн хувьд баяр хөөр, баясгалан болж найр, ёслолын өдөр болов. Нутгийн ард олны олонх нь иудейчүүд болов. Учир нь иудейчүүдээс айх айдас тэднийг нөмөрчээ.