4 1Мордехаи болсон бүх зүйлийг мэдээд, хувцсаа уран, таар углаж, үнсэн дээр хэвтэн, хотын дунд гарч чанга дуугаар гашуунаар уйлав. 2Тэрээр хааны дааман хаалга хүртэл явав. Учир нь таар угласан хэн ч хааны дааман хаалгаар орох ёсгүй байв. 3Хааны тушаал болон зарлиг хүрсэн муж бүхэнд иудейчүүд мацаг барин, уйлалдан орилж ихэд гашуудан, таар углаж, үнсэн дээр хэвтэв.
4Тэгтэл Естерийн шивэгчид болон тайганууд ирж түүнд хэлэхэд, хатан ихэд зовон шаналав. Тэгээд тэр Мордехаин таарыг тайлуулахын тулд түүнд өмсгөх хувцас илгээсэн ч Мордехаи тэдгээрийг авсангүй. 5Тэгэхэд Естер өөрийг нь халамжлуулахаар хааны томилсон түүний тайгануудаас Хатахыг дуудан, энэ нь юу болоод яагаад ийм юм болов гэдгийг мэдүүлэхээр түүнийг Мордехаи дээр оч гэж тушаав. 6Тэгээд Хатах хааны дааман хаалганы өмнөх хотын талбай уруу Мордехаи дээр очив. 7Мордехаи өөрт нь тохиолдсон бүхнийг болон Хаман иудейчүүдийг устгасны төлөө хааны сан хөмрөгт төлөхөөр амласан мөнгөний яг нарийн тоог түүнд хэлэв. 8Мордехаи мөн түүнд тэднийг устгахын тулд Сусад гаргасан зарлигийн эх бичгийн хуулбарыг Естерт үзүүлж түүнд мэдэгдэхийн тулд өгч, түүнийг хаан уруу орж ивээлийг нь гуйж өөрийн ард түмнийхээ төлөө гуйхыг тушаав.
9Тэгээд Хатах буцаж ирэн Мордехаин үгийг Естерт хэлэв. 10Тэгэхэд Естер Хатахад хандаж, түүнийг Мордехаид ийн хариу хэлэхийг тушаав.
11Дуудагдаагүй ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн хааны дотоод ордонд орсон бол амьд үлдэхгүй, хаан очирт алтан таягаа түүн уруу сунгаагүй л бол тэр нь үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг гэдгийг хааны бүх зарц нар болон хааны мужуудын ард түмэн мэднэ. Тэгээд би эдгээр гучин хоногийн турш хаан дээр очихоор дуудагдаагүй байна. 12Тэд Естерийн үгийг Мордехаид хэлэв.
13Мордехаи Естерт ингэж хариул гэж тэдэнд хэлэв.
-Хааны ордонд байгаа чи бүх иудейчүүдээс илүүгээр мултарч чадна гэж бүү сана. 14Учир нь хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүд өөр газраас аврал болоод тусламж олж болох ч, чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Чиний хааны эрх дарханд хүрсэн нь энэ цагийн төлөө ч юм билүү, хэн мэдэх вэ? 15Тэгэхэд Естер Мордехаид ингэж хариул гэж тэдэнд хэлэв.
16Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийгцуглуулж, миний төлөө мацаг барь! Шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу. Би болон миний шивэгчид ч мөн ийм байдлаар мацаг барина. Энэ нь хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ. 17Тэгээд Мордехаи явж Естерийн өөрт нь тушаасанчлан үйлдэв.