3 1Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. 2Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, 3үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, 4тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. 5Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв. 6Тэдний дунд айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж, зүсэн бүрийн хүсэл тачаалдаа хөтлөгдсөн сул дорой эмэгтэйчүүдийг олзолдог хүмүүс ч байна. 7Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чадахгүй. 8Ианн, Иамбре хоёр Мосег эсэргүүцсэн шиг, тэдгээр хүмүүс үнэнийг эсэргүүцдэг. Тэд ялзарсан санаа бодолтой, итгэлийн хувьд гологдсон хүмүүс юм. 9Гэвч тэд илүү амжилт олохгүй. Учир нь тэр хоёрын мунхаглал бүгдэд илэрхий болсончлон, тэдний мунхаглал ч илэрхий болно.
10Харин чи миний сургаал, төлөв байдал, зорилго, итгэл, уужим сэтгэл, хайр, тэвчээр, 11хавчлага, зовлонг дагасан. Антиох, Икониум, Лустрт надад тохиолдсон ямар хавчлагуудыг би тэссэн билээ. Эзэн намайг тэр бүгдээс аварсан юм. 12Үнэндээ, Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно. 13Харин муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно. 14Харин чи хэнээс сурснаа мэдэж, юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай. 15Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон. 16Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. 17Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.