2 1Иймд хүү минь, чи Христ Есүс дотор буй нигүүлсэлд зоригтой байгтун. 2Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга. 3Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. 4Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд өдөр тутмын амьдралын хэрэгт хутгалддаггүй. 5Хэрэв хэн нэгэн нь барилдахдаа дүрмийн дагуу барилдахгүй бол шагнал авахгүй. 6Шаргуу зүтгэдэг тариачин нь эхлээд ургацаа хүртэх ёстой. 7Миний юу хэлж буйг эргэцүүлэн бод. Учир нь Эзэн чамд алив бүхний дотор ойлголтыг өгнө.
8Миний сайн мэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг санаарай. 9Үүний төлөө би гэмт хэрэгтэн адил хүлэгдэж, зовлон эдэлж байгаа боловч Бурханы үг хүлэгдээгүй. 10Энэ шалтгааны улмаас Христ Есүс дотор авралыг мөнх алдрын хамт тэдэнд авахуулахын тулд сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг тэвчинэ. 11Энэ бол итгэмжит үг мөн.
Учир нь хэрэв бид Түүнтэй хамт үхсэн юм бол,
Мөн Түүнтэй хамт амьд байх болно.
12Хэрэв бид тэвчвэл,
Мөн Түүнтэй хамт хаанчлах болно.
Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл,
Мөн Тэр биднийг үгүйсгэх болно.
13Хэрэв бид итгэмжтэй байгаагүй бол,
Тэр итгэмжит хэвээрээ байна.
Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж чадахгүй.
14Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрэлд хүргэдэг хэрэггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы оршихуйд чи тэдэнд чухалчлан тушаа. 15Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн. 16Харин дэлхийн ба хоосон үг ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр бурханлаг бус байдал уруу хөтөлдөг аж. 17Тэдний үг халдвар мэт тархдаг бөгөөд тэдний дунд Хуменай, Филет нар байна. 18Тэд үнэнээс төөрөн одож, амилалт нь аль хэдийн болж өнгөрсөн хэмээн ярьж, зарим хүмүүсийн итгэлийг бусниулж байна. 19Хэдий тийм боловч Бурханы бат суурь нь хэвээрээ байна. Энэ нь “Эзэн Өөрийн хүмүүсийг таньдаг”, “Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун” гэсэн тамгатай. 20Том байшинд зөвхөн алт, мөнгөн сав суулга байдаггүй. Мөн модон, шавран сав суулга ч байдаг. Зарим нь хүндэтгэлд, зарим нь жирийн үед хэрэглэгддэг. 21Иймд хэрэв хүн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэвэл, тэр хүн хүндэтгэлд зориулсан ариусгагдсан, Эзэндээ нийцсэн бөгөөд аливаа сайн үйлд бэлтгэгдсэн сав байх болно. 22Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөрдөгтүн. 23Харин мунхаг, эелдэг бус маргаанууд нь тэмцэл мөргөлдөөн бий болгодгийг мэдэх тул тэдгээрээс татгалз. 24Эзэний боол тэмцэл мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүх хүнд эелдэг зөөлөн ханд. Заах чадвартай, буруудахад тэвчээртэй байж, 25зөрөлдөгсдийг төлөв байдал дотор засаж бай. Хэрэв магадгүй Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол 26тэд ухаан орж, диаволын торноос чөлөөлөгдөх буй. Учир нь диавол өөрийн хүслээр тэднийг хөдөлгөхийн тулд тэднийг олзлон авсан байжээ.