1 1Паул би болон Силуан, Тимот нар бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд илгээв. 2[Бидний] Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.
3Ах дүү нар аа, бид үргэлж та нарын төлөө Бурханд талархал өргөх ёстой. Яагаад гэвэл та нарын итгэл үлэмж нэмэгдэж, хүн бүрийн чинь бие биеэ хайрлах хайр улам бүр өсөж байгаа учир ингэх нь зөв юм. 4Та нарын тэсвэрлэдэг бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр болон итгэлийн чинь төлөө бид өөрсдөө Бурханы чуулгануудын дунд та нараар бахархан ярьдаг. 5Энэ нь та нар Бурханы хаанчлалд зохистой гэж тооцогдохын тулд Бурханы зөв шүүлтийн шинж тэмдэг юм. Бурханы хаанчлалын төлөө ч та нар үнэхээр зовж байгаа билээ. 6Бурхан шударга тул Тэр та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж, 7харин зовсон та нарт болон бидэнд хариуд нь тайвшралыг өгнө. Тэр үед Эзэн Есүс хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт дүрэлзэх гал дотор тэнгэрээс илчлэгдэн, 8Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах ажээ. 9Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй болон Түүний хүчний алдраас сална. 10Энэ нь тэрхүү өдөр Өөрийн ариун хүмүүсийн дотор алдаршихаар болон итгэсэн бүх хүмүүсийн дунд гайхагдахаар Түүнийг ирэхэд болно. Учир нь тэд бидний та нарт гэрчилсэн гэрчлэлд итгэсэн юм. 11Тиймээс бидний Бурхан та нарыг дуудлагад чинь зохистой гэж тооцон, сайны төлөөх хүсэл бүхнийг ба итгэлийн үйлийг хүчээрээ биелүүлэг хэмээн бид та нарын төлөө үргэлж залбирдаг. 12Ингэснээр бидний Бурханы болон Эзэн Есүс Христийн нигүүлслийн дагуу Эзэн Есүсийн нэр та нарын дотор, мөн та нар ч Түүн дотор алдаршаасай хэмээн бид залбирдаг.