2 1Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн ирэх хийгээд бидний Түүн уруу цуглах тухайд эдүгээ бид та нараас гуйж байна. 2Эзэний өдөр ирчихлээ хэмээн та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй, эсвэл сүнсээр ч юм уу, эсвэл үг яриагаар ч юм уу, эсвэл биднээс ирсэн мэт захидлаар ч үймүүлэгдэхгүй байгтун. 3Хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Учир нь эхлээд итгэлээс салах явдал гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй. 4Тэр бол эсэргүүцэгч төдийгүй, бүхий л өөрийгөө Бурхан хэмээгч болон шүтдэг зүйлсийн дээр өргөмжлөн, Бурханы сүм дотор сууж, өөрийгөө Бурхан гэж харуулна. 5Би та нартай хамт байхдаа эдгээр зүйлийг хэлж байсныг та нар санахгүй байна уу? 6Эдүгээ түүнийг юу хязгаарлан барьдгийг та нар мэднэ. Ингэснээр тэр өөрийн цагтаа илчлэгдэх юм. 7Учир нь хууль бус байдлын нууц нь хэдийн ажиллаж байна. Гагцхүү эдүгээ хязгаарлан баригч нь өөрөө замаас зайлуулагдах хүртэл тийн барьж байгаа ажээ. 8Дараа нь ёс бус нэгэн илчлэгдэх бөгөөд Эзэн [Есүс] амныхаа амьсгалаар түүнийг алж, Өөрөө ирж үзэгдсэнээрээ төгсгөлийг нь авчирна. 9Тэр бол Сатаны ажиллагааны дагуу гарч ирэгч нэгэн бөгөөд бүх хүч ба тэмдгүүд, хуурамч гайхамшиг 10болон бузар муугийн зүсэн бүрийн заль мэхтэйгээр мөхөгсдийн төлөө ирнэ. Яагаад гэвэл тэд аврагдахын тулд үнэний хайрыг хүлээн аваагүй. 11Тиймээс Бурхан тэдний дээр төөрөгдлийн ажиллагааг илгээдэг. Тэгээд тэд худал хуурмагт итгэх болно. 12Ингэснээр үнэнд итгээгүй, харин бузар мууг таалсан бүх хүн яллагдах юм.

13Эзэнээр хайрлагдсан ах дүү нар аа, та нарын төлөө бид үргэлж Бурханд талархлаа өргөх ёстой. Яагаад гэвэл Бурхан та нарыг үнэн доторх итгэл ба Сүнсний ариусгалаар дамжуулан анхны үр жимс болгон авралын төлөө сонгосон ажээ. 14Үүний тулд Тэр бидний сайн мэдээгээр дамжуулж та нарыг дуудсан. Ингэснээр та нар бидний Эзэн Есүс Христийн алдрыг хүртэх юм. 15Иймд ах дүү нар аа, бат зогсож, бидний үгээр ч бай, эсвэл захидлаар ч бай та нарт заасан уламжлалуудыг баримтал. 16Бидний Эзэн Есүс Христ Өөрөө болон биднийг хайрлаж, мөнх тайтгарлыг болон нигүүлслээр сайн найдварыг бидэнд өгсөн бидний Эцэг Бурхан 17зүрхийг тань аливаа сайн ажил үйлс хийгээд үг дотор тайтгаруулж, бататгах болтугай.