5 1Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нар өөрсдөдөө юу ч бичүүлэх хэрэггүй. 2Учир нь Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө маш сайн мэддэг. 3Хүмүүсийг “Амар тайван, аюулгүй байдал” гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй. 4Гэвч ах дүү нар аа, та нар харанхуй дотор байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. 5Учир нь та нар бүгдээрээ гэрлийн хөвгүүд бөгөөд өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх биш, харанхуйнх ч биш. 6Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая. 7Учир нь унтагсад шөнө унтдаг, согтуурагчид шөнө согтдог. 8Харин бид өдрийнх тул итгэлийн ба хайрын хуяг, дуулга болгон авралын найдварыг өмсөн, эрүүл ухаантай байцгаая. 9Яагаад гэвэл Бурхан биднийг уур хилэнгийн төлөө бус, харин бидний Эзэн Есүс Христээр дамжуулан авралыг олж авахын төлөө томилсон юм. 10Биднийг сэрүүн ч бай, унтсан ч бай, Өөртэйгөө хамт амьдруулахын тулд Тэр бидний төлөө үхсэн билээ. 11Тиймээс та нар одоо ч үйлдэж байгаа шигээ нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулагтун.
12Ах дүү нар аа, дунд чинь ажилладаг ба Эзэний дотор та нарыг удирдаж, заавар өгдөг хүмүүсийг хүндлэхийг бид та нараас хүсэж байна. 13Мөн тэдний ажил хөдөлмөрийнх нь төлөө та нар хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Нэг нэгэнтэйгээ эв найртай амьдар. 14Ах дүү нар аа, эмх журамгүй хүмүүст сануулж, хулчгар хүмүүсийг зоригжуулж, дорой буурай хүмүүст тусалж, бүх хүнд тэвчээртэйгээр хандахыг бид та нараас гуйж байна. 15Хэн нь ч хэн нэгний хорон мууг муугаар хариулахгүй байхад анхаарагтун. Харин үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл уруу тэмүүлдэг байгтун.
16Үргэлж баяртай бай. 17Тасралтгүй залбир. 18Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн. 19Сүнсийг бүү бөхөө. 20Эш үзүүллэгийг бүү басамжил. 21Харин бүхнийг шалга, сайныг баригтун. 22Бузар муугийн алив хэлбэрийг цээрлэгтүн.
23Амар тайвны Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгаг. Сүнс, сэтгэл, бие тань бидний Эзэн Есүс Христийг ирэхэд бүрэн хамгаалагдсан бөгөөд гэм зэмгүй байх болтугай. 24Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд Тэр мөн үүнийг биелүүлэх болно.
25Ах дүү нар аа, бидний төлөө ч залбир.
26Бүх ах дүү нарт ариун үнсэлтээр мэнд хүргээрэй. 27Энэхүү захидлыг бүх ах дүү нарт уншиж өгөхийг би та нараас Эзэнээр гуйж байна.
28Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.