2 1Ах дүү нар аа, бид та нар уруу дэмий очоогүй гэдгийг та нар өөрсдөө мэднэ. 2Харин та нарын мэдэж байгаачлан биднийг Филиппойд хэдийнээ зовоож, бидэнтэй зүй бусаар харьцсан. Үүний дараа маш хүчтэй эсэргүүцлийн дунд Бурханы сайн мэдээг та нарт ярих зориг Бурханы минь дотор бидэнд байсан юм. 3Учир нь бидний ятгалга нь алдаа төөрөгдөл эсвэл бузраас гараагүй, заль мэх дотор ч байгаагүй, 4харин сайн мэдээ бидэнд даалгагдах нь Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин бидний зүрхийг шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм. 5Учир нь та нарын мэдэж байгаачлан бид хэзээ ч зусарч үгтэй байгаагүй. Шунахайрлаа нуун дүр үзүүлээгүй. Бурхан бол гэрч. 6Хэдийгээр бид Христийн элч нар болохынхоо хувьд та нарт эрх мэдлээ үзүүлж чадах байсан боловч бид алдрыг хүмүүсээс, та нараас ч, эсвэл бусдаас ч эрээгүй билээ. 7Харин бид та нарын дунд хүүхдүүдээ асран байгаа эх хүн мэт зөөлөн байсан. 8Бид та нарын хүслэн болж, та нарт зөвхөн Бурханы сайн мэдээг бус, мөн өөрсдийн амиа ч өгөхийг хүссэн юм. Яагаад гэвэл та нар бидний хувьд үнэхээр дотнын хүмүүс маань болсон байв. 9Ах дүү нар аа, та нар бидний хөдөлмөр болон хүнд хэцүү байдлыг санадаг. Бид та нарын хэнд чинь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллан, та нарт Бурханы сайн мэдээг тунхагласан. 10Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв болон гэм зэмгүйгээр хандсаныг та нар гэрчлэх бөгөөд Бурхан ч гэрч юм. 11Эцэг хүн өөрийн хүүхдэдээ ямар байдаг шиг бид та нарын хүн нэг бүрийг ятган, урамшуулж, гуйж байсныг та нар мэднэ. 12Ингэснээр өөрсдийг чинь Өөрийнхөө хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд та нар зохистойгоор явах юм.
13Та нар биднээс Бурханы захиасын үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин үнэхээр байгаагаар нь буюу итгэдэг та нарын дотор бас ажлаа хийдэг Бурханы үг хэмээн хүлээн авсан. Үүний төлөө бид бас Бурханд үргэлж талархдаг юм. 14Ах дүү нар аа, та нар Иудей дэх Христ Есүсийн доторх Бурханы чуулгануудыг дуурайгчид болов. Учир нь тэд иудейчүүдээс зовлонг амссан шиг, та нар ч мөн өөрийн нутаг нэгт хүмүүсийн гарт адилхан зовлонг эдэлсэн ажээ. 15Иудейчүүд Эзэн Есүсийг болон эш үзүүлэгчдийг алж, бас биднийг хавчиж байв. Тэд Бурханд таалагдалгүй, бүх хүнд өстөн болж, 16харь үндэстнүүдийн авралын төлөө биднийг ярихад саад хийснийхээ үр дүнд тэд үргэлж өөрсдийн нүглүүдийг дүүргэж байна. Гэвч эцэст нь уур хилэн тэдэн дээр буулаа.
17Гэвч ах дүү нар аа, бид та нараас зүрхээрээ биш, харин царай зүсээрээ түр зуур хагацсан боловч, нүүр царайг чинь харах гэж бүх хүслээрээ хичээн чармайсан. 18Тиймээс бид та нар уруу очихыг хүссэн юм. Паул би нэг бус удаа тийн хүссэн боловч Сатан биднийг саатуулав. 19Учир нь хэн бидний найдвар, эсвэл баяр баясгалан, эсвэл өргөмжлөлийн титэм нь вэ? Энэ нь бидний Эзэн Есүсийг ирэхэд Түүний оршихуй доторх та нар ч гэсэн биш гэж үү? 20Та нар бол бидний алдар бөгөөд баяр баясгалан билээ.