21 1Давид Нобт, тахилч Ахимелех уруу очив. Ахимелех Давидтай уулзахдаа дагжин чичирч, түүнд
-Яагаад та хэнтэй ч биш, ганцаараа явж байна вэ? хэмээн асуув. 2Давид тахилч Ахимелехт
-Хаан нэг хэргийг тушааж, “Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй” Би залуустай нэгэн газарт уулзахаар болзов” гэсэн. 3Тийм учраас одоо чамд юу байгаа вэ? Таван талх ч хамаагүй, юу байгаагаа надад өгөөч гэв. 4Тахилч Давидад хариулан,
-Миний гарт жирийн талх алга. Гэсэн ч ариусгасан талх бий бөгөөд эмэгтэйчүүдтэй хавьтаагүй эрчүүд идэж болох юм гэв. 5Давид тахилч нарт хариулан,
-Үнэхээр намайг гарснаас хойш өдий хүртэл манайхан эмэгтэйчүүдийг цээрлэж ирсэн бөгөөд хэдийгээр энэ жирийн аялал боловч залуучуудын бие нь бузартаагүй. Өнөөдөр ч гэсэн бузартаагүй хэмээн өгүүлэв. 6Тийнхүү тахилч түүнд ариусгасан талхыг өгөв. Учир нь тэнд оронд нь халуун талх тавихаар ЭЗЭНий өмнөөс салгаж авсан оршихуйн талхнаас өөр талх байсангүй.
7Тэр өдөр Саулын боолуудын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг едом хүн Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч байв.
8Давид Ахимелехт
-Энд чиний гарт жад, илд байхгүй юм уу? Би өөрийн илдээ ч, зэвсгээ ч авчраагүй. Учир нь хааны тушаал яаралтай байв гэв. 9Тэгэхэд тахилч
-Елагийн хөндийд чиний алсан филист хүн Голиатын илдийг үзэгтүн. Тэр нь ефодын ард даавуунд ороолттой байгаа. Хэрэв хүсвэл түүнийг өөртөө авагтун. Энд түүнээс өөр юм байхгүй хэмээн өгүүлэв. Давид
-Тийм илдийг хаанаас ч олохгүй. Надад өгөгтүн гэв.
10Дараа нь Давид босож, тэр өдөр Саулаас зугтан, Гатын хаан Ахиш уруу очив. 11Гэтэл зарц нар нь Ахишт
-Энэ хүн тэр нутгийн хаан Давид гэдэг нь биш үү? Тэд түүний тухай “Саул мянгыг алж, Давид түмийг алав” хэмээн дуулж бүжиглэдэг биш үү? гэцгээв. 12Давид энэ үгийг зүрхэндээ хүлээн авч, Гатын хаан Ахишаас ихэд эмээв. 13Ийнхүү Давид тэдний өмнө эрүүл саруул ухаантайгаа нуун, галзуу солиотой юм шиг байн, хаалганы самбар дээр юм сараачин, сахал уруугаа шүлсээ гоожуулав. 14Тэгэхэд Ахиш зарц нартаа
-Та нарын харж байгаа энэ хүн галзуу солиотой юм шиг байна. Юунд та нар түүнийг над уруу авчрав? 15Би галзуу солиотой хүнээр дутлаа гээд миний өмнө галзуу солиотой хүнийг үзүүлэхээр та нар авчрав уу? Энэ хүнийг миний гэрт оруулах гээ юү? хэмээн өгүүлэв.