12 1Тэгээд Самуел бүх Израильд хандан
-Харагтун! Та нарын надад хэлсэн бүгдийг би сонсож, та нарын дээр хааныг томилов. 2Одоо та нарын өмнө алхаж яваа хаан энэ байна. Харин би өтөлж, үс минь бууралтлаа. Мөн миний хөвгүүд ч та нартай хамт байна. Би залуу наснаасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа. 3Би энд байна. ЭЗЭНий өмнө болон тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн. Би хэний үхрийг, эсвэл хэний илжгийг авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлсэн бэ? Би хэнийг зовоон дарлаж, хэний гараас хээл хахууль авч, өөрийн нүдийг тагласан бэ? Хэрэв тэгсэн аваас, би та нарт буцааж өгье гэв. 4Хүмүүс
-Та биднийг хууран мэхлээгүй, зовоон дарлаагүй, хэний ч гараас юу ч аваагүй гэцгээв. 5Самуел тэдэнд
-Та нар миний гараас юу ч олоогүй явдлын тухайд өнөөдөр та нарын дунд ЭЗЭН гэрч болж, ЭЗЭНий тосолсон хүн мөн гэрч болж байна гэхэд тэд түүнд
-Тэр бол гэрч мөн гэцгээв.
6Тэгэхэд Самуел ард олонд
-Мосе, Аарон нарыг томилж, та нарын эцэг өвгөдийг Египетээс авчирсан нь ЭЗЭН мөн юм. 7Тиймээс одоо босогтун. Та нарт болон та нарын эцэг өвгөдөд үйлдсэн ЭЗЭНий бүх зөв үйлсийн талаар би ЭЗЭНий өмнө та нартай хэлэлцье. 8Иаковыг Египетэд очсон үед та нарын эцэг өвгөд ЭЗЭНд хашхирсанд та нарын эцэг өвгөдийг Египетээс гаргаж, энэ газарт суурьшуулсан Мосе, Аарон хоёрыг ЭЗЭН илгээв. 9Гэвч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг мартсанд ЭЗЭН тэднийг Азорын цэргийн жанжин Сисерагийн гарт, филистчүүдийн гарт болон Моабын хааны гарт тушаахад тэд тэдний эсрэг дайтаж байв. 10Тэд ЭЗЭНд хашхиран “Бид ЭЗЭНийг орхиж, Баалууд болон Аштаротад үйлчилсэн учраас нүгэл үйлджээ. Харин одоо дайсны маань гараас биднийг аварч өгөөч. Бид Танд үйлчилнэ” гэж гуйсан билээ. 11Тэгэхэд ЭЗЭН Иеруббаал, Бедан, Иефта болон Самуел нарыг илгээж, та нарыг тойрон хүрээлж байсан дайснуудын чинь гараас аварсан билээ. Тэгээд та нар амар тайван амьдарч ирэв. 12Та нар Аммоны хаан Нахаш та нарын эсрэг ирэхийг хараад, хэдийгээр Бурхан ЭЗЭН хаан чинь байсаар атал “Үгүй, биднийг хаан захирах ёстой” гэж та нар надад хэлэв. 13Одоо тийм учраас та нарын хүсэж сонгосон хаан энд байна. Харагтун, ЭЗЭН та нарын дээр хааныг тавив. 14Хэрэв та нар ЭЗЭНээс эмээж, Түүнд үйлчилж, Түүний дууг сонсож, ЭЗЭНий тушаалыг үл эсэргүүцэх бол та нар ч, та нарыг захирах хаан ч Бурхан ЭЗЭНээ дагах болно. 15Хэрэв та нар ЭЗЭНий дууг үл сонсож, харин ЭЗЭНий тушаалыг эсэргүүцэх аваас, ЭЗЭНий мутар та нарын эцэг өвгөдийн эсрэг байсны адил та нарын ч эсрэг байх болно. 16Одоо ч гэсэн зогсож, ЭЗЭН та нарын нүдний өмнө үйлдэх энэ их агуу үйлсийг үзэгтүн! 17Өнөөдөр улаан буудай хураах цаг бус уу? Би ЭЗЭНийг дуудахад, ЭЗЭН аянга цахилгаантай бороо оруулна. Та нар өөрсдөдөө хааныг гуйснаар ЭЗЭНий мэлмийн өмнө үйлдсэн бузар муу чинь агуу их байна гэдгээ ойлгож, ухаарах болно гэв. 18Тийнхүү Самуел ЭЗЭНийг дуудахад ЭЗЭН тэр өдөр аянга цахилгаантай бороо оруулав. Бүх хүмүүс ЭЗЭН болон Самуелаас маш их айжээ.
19Тэгээд бүх хүмүүс Самуелд
-Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач гэцгээв. 20Самуел хүмүүст
-Бүү айгтун. Та нар энэ бүх нүглийг нэгэнт үйлдэв. Гэсэн ч та нар ЭЗЭНийг дагахаас эргэхгүй, харин бүх зүрхээрээ ЭЗЭНд үйлчлэгтүн. 21Хэрэг үл болох, аврал өгөхгүй, дэмий юмыг дагаж, замаасаа бүү салагтун! Тэд бол дэмий учраас та нарт ямар ч тус болохгүй бөгөөд та нарыг аврахгүй. 22Учир нь Бурхан агуу нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг орхихгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохдоо баяртай байв. 23Үүнээс гадна, би та нарын төлөө залбирахгүйгээс болж ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн зөв замыг заана. 24Зөвхөн ЭЗЭНээс эмээж, бүх зүрхнээсээ үнэн дотор Түүнд үйлчлэгтүн! ЭЗЭН та нарт ямар агуу их зүйлс үйлдсэнийг санагтун! 25Харин хэрэв та нар буруу зүйлс үйлдсээр байвал, та нар ч, та нарын хаан ч устгагдах болно гэжээ.