Сэргэлт хамгаалалтыг амлав

43 Харин Иаков аа, чамайг

 Бүтээгч ЭЗЭН,

Израиль аа, чамайг бий болгогч

 ЭЗЭН

Одоо ингэж айлдаж байна.

“Би чамайг аварсан учир

Бүү айгтун.

Би чамайг нэрээр чинь дуудсан.

Чи Минийх.

Чамайг ус гатлахад

Би чамтай хамт байна.

Голоор туулахдаа чи живэхгүй.

Гал дундуур явсан ч

 чи түлэгдэхгүй,

Дөл нь ч чамайг шатаахгүй.

Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН,

Израилийн Ариун Нэгэн,

 чиний Аврагч мөн.

Би Египетийг чиний төлөөсөнд,

Куш ба Себаг чиний оронд өгөв.

Чи Миний нүдэнд үнэтэй,

 хүндтэй,

Би чамд хайртай.

Тиймээс Би чиний оронд

 хүмүүсийг,

Амийн чинь оронд үндэстнүүдийг өгнө.

Би чамтай хамт байгаа тул

Бүү айгтун.

Би үр удмыг чинь дорно зүгээс

 авчран

Чамайг өрнө зүгээс цуглуулна.

Би умардад «Тэднийг гаргаж өг»

 гээд,

Өмнө зүгт «Бүү саатуулагтун,

Хөвгүүдийг минь алс холоос,

Охидыг минь газрын хязгаараас,

Миний нэрээр дуудагдсан

 хүн бүрийг авчрагтун.

Учир нь Би түүнийг алдрынхаа

 төлөө бүтээж, хэлбэржүүлж,

 хийсэн гэж айлдана” гэв.

Нүдтэй боловч сохор,

Чихтэй боловч дүлий хүмүүсийг

 авчрагтун.

Ард түмнүүд хуран чуулж

Бүх үндэстэн хамт цуглах

болтугай.

Тэдний дундаас хэн үүнийг

 мэдүүлж,

Урьдын юмсыг бидэнд сонсгох вэ?

Тэд зөвтгөгдөж болохоор гэрч

 нараа авчраг.

Тэд сонсоод “Энэ үнэн” гэж хэлэг.

10 “Та нар миний гэрч нар” гэж

 ЭЗЭН айлдаж байна.

“Та нар мэдэж, Надад итгэн,

Намайг Тэр мөн гэж

 таниасай гэсэндээ

Би та нарыг сонгосон бөгөөд

Та нар зарц нар минь юм.

Надаас өмнө Бурхан байгаагүй,

Миний дараа ч байхгүй.

11 Би, зөвхөн Би ЭЗЭН,

Надаас өөр аврагч үгүй.

12 Мэдүүлж, аварч, сонордуулсан нь

Би билээ.

Та нарт өөр хэн ч байхгүй.

Иймээс та нар гэрчүүд минь мөн”

 гэж

ЭЗЭН айлдаж байна.

“Би Бурхан.

13 Өдрүүд эхлэхээс авахуулан

 Би Тэр юм.

Мутраас минь аварч чадах хэн ч

 байхгүй.

Би үйлдвэл хэн буцааж чадах вэ?”

14 Израилийн Ариун Нэгэн,

Таны Аврагч, ЭЗЭН

 ингэж айлдаж байна.

“Та нарын тусын тулд Би

 Вавилон уруу илгээн

Дээдсийг нь төдийгүй,

Усан онгоцон дотроо

 баясацгааж байсан

халдеичуудыг буулган авчирна.

15 Би ЭЗЭН,

Та нарын Ариун Нэгэн,

Израилийн Бүтээгч, танай Хаан.”

16 Тэнгис дундуур зам,

Хүчит усан дундуур

 харгуй гаргагч

ЭЗЭН ийнхүү айлдаж байна.

17 Тэрээр тэрэг ба морьд,

Их цэрэг ба хүчийг гаргаж ирдэг.

(Тэд хамтдаа хэвтээд,

 дахин босохгүй.

Тэд зулын гол мэт

 унтарч замхарна.)

18 «Урьдын юмыг бүү дурсагтун.

Эртний юмыг бүү бодогтун.

19 Үзэгтүн, Би шинэ зүйл хийх

 бөгөөд

Тэр нь одоо соёолж гарна.

Та нар үүнийг мэдэхгүй гэж үү?

Би хээр талд зам тавьж,

 цөлд гол урсгана.

20 Би сонгосон ард түмнээ

 ундаалахын тулд

Зэлүүд нутагт ус өгч,

Цөлөөр гол урсгах учраас

Хээрийн араатнууд, цөөвөр чоно,

Тэмээн хяруулууд

 Намайг алдаршуулна.

21 Өөртөө бий болгосон

 ард түмэн минь

Миний алдар магтаалыг

 тунхаглана.

22 Харин Иаков аа,

 чи Намайг дуудсангүй.

Израиль аа,

 чи Миний төлөө зүдрээгүй.

23 Чи шатаалт тахилынхаа

 бог малыг Надад авчраагүй,

Нядлах тахилаараа Намайг

 хүндэтгээгүй.

Би чамайг идээн өргөлөөр

 дарамтлаагүй,

Утлагаар зүдрээгээгүй.

24 Чи Надад амтат чихрийн нишингэ

 мөнгөөр худалдан аваагүй,

Тахилынхаа өөхөөр ч

 Намайг цатгаагүй,

Харин чи нүглээрээ

 Намайг дарамталж,

Хилэнцээрээ

 Намайг туйлдуулав.

25 Би, зөвхөн Би л өөрийнхөө төлөө

 гэмт үйлдлийг чинь арилган

Нүглийг чинь дурсахгүй.

26 Надад сануулагтун.

Хэргээ хамтран шүүцгээе.

Зөвтгөгдөхийн тулд мэдүүлэгтүн.

27 Анхны эцэг чинь нүгэл үйлдэж,

Зуучлагч нар чинь

 Миний эсрэг тэрслэв.

28 Тиймээс Би ариун газрын

 тэргүүлэгчдийг бузарлаж,

Иаковыг зүхэлд,

Израилийг доромжлолд өгөв.”