3 1Тэрслүү, бузартсан, хэрцгий хот гаслантай яа!
2Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй,
ямар ч зааврыг хүлээн аваагүй.
Тэр ЭЗЭНд итгээгүй, өөрийнхөө Бурханд ойртоогүй.
3Хотын доторх жононгууд нь архирагч арслангууд,
шүүгчид нь үдшийн чононууд юм.
Тэд өглөө юу ч үлдээдэггүй.
4Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөд
тахилч нар нь ариун газрыг бузарлажээ.
Тэд хуулийг завхруулжээ.
5Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм.
Тэр шударга бус зүйлийг хийхгүй.
Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг,
Тэр унадаггүй.
Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй.
6“Би үндэстнүүдийг таслав.
Тэдний булант цамхгууд балгас болжээ.
Би тэдний гудамжуудыг эзгүйрүүлсэн бөгөөд
хэн ч түүгээр өнгөрөхгүй.
Тэдний хотууд нь хүнгүй, оршин суугчгүй хоосон хаягджээ.
7“Үнэхээр чи Намайг хүндэтгэж,
зааврыг хүлээн авах болно” гэж Би айлдсан.
Тэгвэл түүний талаарх Миний товлосон бүхний дагуу
түүний амьдрах газар нь таслагдахгүй байх болно.
Гэвч тэд өөрсдийн бүх үйлдлийг завхруулахыг хүссэн.
8Тиймээс Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж,
Миний шатаж буй бүх уурыг,
Миний зэвүүцлийг тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм.
Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно.
9Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг өгнө.
Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм.
10Надад мөргөгчид, Миний тараасан хүмүүс
Етиопийн голуудын чанадаас Миний өргөлийг авчрах болно.
11Миний эсрэг тэрсэлсэн та нарын бүх үйлдлээс болж
ямар ч ичгүүрийг тэр өдөр та нар мэдрэхгүй байх болно.
Учир нь Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг чинь зайлуулахад
та нар Миний ариун уулан дээр дахин хэзээ ч ихэмсэг байхгүй.
12Гэвч Би та нарын дунд даруу болон дорд хүмүүсийг үлдээж,
тэд ЭЗЭНий нэрд хоргодох болно.
13Израилийн үлдэгдэл ямар ч бурууг үйлдэхгүй,
ер худал ярихгүй.
Тэдний аманд мэхлэгч хэл олдохгүй.
Учир нь тэднийг чичрүүлэх хэн ч байхгүй бөгөөд
тэд хооллож, хэвтэх болно”.
14Сионы охин оо, баяр хөөртэйгээр хашхир!
Израиль аа, уухай хадаа!
Иерусалимын охин оо, баясан, бүх зүрхээрээ баярла!
15ЭЗЭН чиний шийтгэлүүдийг зайлуулжээ.
Тэр дайснуудыг чинь зайлуулсан.
Израилийн Хаан, ЭЗЭН та нарын дунд байна.
Чи цаашид өвчнөөс айхгүй.
16Тэр өдөр Иерусалимд хандан
“Сион оо, бүү ай. Гараа бүү унжуул.
17Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, та нарын дунд байна.
Тэр та нарын дээр баясал хөөртэйгөөр баярлана.
Тэр Өөрийн хайр дотроо чимээгүй байна.
Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.
18Товлосон найр наадмуудын талаар гашуудагсдыг Би цуглуулах болно.
Тэд чамаас ирсэн, Сион оо!
Цөллөгийн зэмлэл нь тэдний дээрх ачаа юм.
19Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна.
Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж,
бүх дэлхийд тэдний ичгүүрийг магтаал болон яруу алдраар солино.
20Тэр цагт буюу Би та нарыг хамтад нь цуглуулах цагт Би та нарыг оруулна.
Үнэхээр Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд та нарт яруу алдар болон магтаалыг өгнө.
Тэр үед Би та нарын нүдний өмнө амжилтыг чинь сэргээх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.