4 1Тиймд миний баяр хөөр ба титэм, мөн миний хүсэн тэмүүлэх хайрт ах дүү нар минь, Эзэн дотор баттай зогсогтун.
2Эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Юодиагаас хичээнгүйлэн гуйя, мөн Сунтухегээс хичээнгүйлэн гуйя. 3Тийм ээ, үнэнч нөхөр минь, чамаас гуйя. Сайн мэдээний төлөө надтай болон Клем, миний бусад хамтран зүтгэгчдийн хамт зүтгэсэн тэдгээр эмэгтэйчүүдэд туслаарай. Тэдний нэрс амийн номд бий. 4Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун! 5Та нарын тэвчээр бүх хүмүүст мэдэгдэг. Эзэн ойрхон байна. 6Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. 7Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална.
8Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай байна, хэрэв аливаа сайн үйл байгаа бол, хэрэв магтууштай ямар нэгэн юм байгаа бол тэдгээр юмсыг бодож санацгаа. 9Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харсан зүйлээ ажил хэрэг болго. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.
10Эцэст нь та нарын миний төлөөх санаа тавилт сэргэсэн тул би Эзэнд маш их баярлаж байна. Үнэндээ та нар санаа тавьж байсан боловч үүнийгээ үзүүлэх боломж байгаагүй билээ. 11Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би ямар ч нөхцөл байдалд байсан сэтгэл хангалуун байж сурсан юм. 12Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд өлсгөлөн болон цатгалан байх, дутагдах, элбэг байхын аль алины нууцад би суралцсан. 13Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна. 14Гэсэн ч та нар миний зовлонгоос хуваалцахдаа сайн байсан.
15Сайн мэдээг анх номлох үед, намайг Македониос явсны дараа авах, өгөхийн хэрэгт ганцхан та нараас өөр нэг ч чуулган оролцоогүйг филиппойчууд та нар өөрсдөө бас мэдэж байгаа. 16Яагаад гэвэл Тесалоникт байхад хүртэл та нар нэгээс илүү удаа надад хэрэгтэй юмыг маань илгээсэн. 17Би бэлгийг нь эрж байгаа юм биш, харин та нарын үнэлгээнд нэмэгдэж буй үр ашгийг тань эрж байна. 18Гэвч би бүгдийг элбэгээр хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын илгээсэн юмсыг тань хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг тань Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм. 19Миний Бурхан Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр тань хангана. 20Бидний Бурхан Эцэгт алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
21Христ Есүс доторх ариун хүн бүрд мэнд хүргээрэй. Надтай хамт байгаа бүх ах дүү нар та нарт мэнд хүргэж байна. 22Бүх ариун хүн, ялангуяа Цезарийн гэрийнхэн та нарт мэнд хүргэж байна. 23Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.