2 1Тахилч нар аа, одоо энэ бол та нарт өгөх тушаал юм. 2Түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Хэрэв та нар сонсохгүй, Миний нэрийг хүндэтгэхийн тулд үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй бол Би та нар дээр хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй байна. 3Харагтун, Би та нарын үр удмыг зэмлэх гэж байна. Би та нарын нүүрэнд найр наадмуудын чинь хог хаягдлыг нялж, та нар түүнтэйгээ хамт зайлах болно. 4Левитэй тогтоосон Миний гэрээ үргэлжлэхийн тулд Би энэ тушаалыг та нарт явуулсан гэдгийг тэгэхэд та нар мэдэх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. 5“Түүнтэй тогтоосон Миний гэрээ нь амь ба энх амгалангийнх бөгөөд Би тэдгээрийг түүнд эмээх зүйл болгож өгсөн юм. Тиймээс тэр Надаас эмээж, Миний нэрийн айдаст автан зогссон. 6Түүний аманд үнэн заавар байсан бөгөөд шударга бус нь түүний уруулаас олдоогүй. Тэр Надтай хамт энх амгалан, зөв шударга байдал дотор алхаж, олныг гэм нүглээс буцаан эргүүлсэн. 7Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түмэн цэргийн ЭЗЭНий элч юм. 8Харин та нарын хувьд, та нар замаас гажиж, олныг заавраар бүдрүүлжээ. Та нар Левийн гэрээг гуйвуулсан” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. 9“Тэгэхээр та нар Миний замыг сахихгүй, харин зааварт ялгавартай хандаж байгаагийн адил Би ч гэсэн та нарыг бүх ард түмний өмнө жигшигдсэн, басамжлагдсан болгоно.
10Бид бүгд нэг эцэгтэй юм биш үү? Нэг Бурхан биднийг бүтээсэн юм биш үү? Яагаад хүн бүр өөрсдийнхөө ах дүүгийн эсрэг тэрсэлснээрээ бид өвөг дээдсийнхээ гэрээг бузарлана вэ? 11Иуда тэрсэлж, Израиль болон Иерусалимд жигшүүрт юмс үйлдэгдэв. Учир нь ЭЗЭНий хайрладаг ариун газрыг Иуда бузарлаж, харийн бурхны охинтой гэрлэсэн. 12Ийм зүйлийг хийдэг хүний хувьд, тэр нь сэрүүн ба хариулдаг, эсвэл түмэн цэргийн ЭЗЭНд өргөл өргөдөг хэн ч байсан ЭЗЭН түүнийг Иаковын майхнаас таслах болтугай. 13Та нарын хийдэг хоёр дахь зүйл бол энэ байна. Та нар ЭЗЭНий тахилын ширээг нулимс, уйлаан ба ёолох дуугаар бүтээдэг. Яагаад гэвэл Тэр цаашид өргөлийг ойшоохгүй, түүнийг та нарын гараас тааламжтайгаар хүлээн авахгүй. 14Гэсэн ч та нар “Ямар шалтгаанаар вэ?” гэдэг. Учир нь чиний залуу насны эхнэр та хоёрын дундах гэрч нь ЭЗЭН мөн. Тэр чиний хань бөгөөд гэрээний дагуу чиний эхнэр боловч чи түүний эсрэг тэрсэлсэн юм. 15Гэвч Сүнсний үлдэгдэлтэй хэн нь ч тийнхүү үйлдээгүй. Тэр бурханлаг үр удмыг хайж байхад тэр нэгэн юу хийж байсан бэ? Тэгвэл сүнсэндээ анхаарал тавь. Хэн ч залуу насныхаа эхнэрийн эсрэг бүү тэрслэг. 16Учир нь Би салалтыг үзэн яддаг” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдаж байна. “Өөрийгөө хүчирхийллээр хувцасладаг хүнийг Би үзэн яддаг” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Өөрийн сүнсээр өөрийгөө хамгаалж, итгэлээсээ урвахгүй байгтун”.
17Та нар өөрсдийнхөө үгсээр ЭЗЭНийг ядраасан. Гэсэн ч та нар “Бид яаж ядраасан юм бэ?” гэдэг. Үүгээрээ та нар “Мууг үйлдэгч хүн бүр ЭЗЭНий мэлмийд сайн бөгөөд Тэр тэднийг таашаадаг” эсвэл “Шударга ёсны Бурхан хаана байна вэ?” гэж хэлж байна.