6 1Хаанчлал даяараа зуун хорин аймгийн захирагчийг томилж, тэдэнд бүх хаанчлалыг хариуцуулах нь Дариусын таалалд нийцэв. 2Мөн тэдний дээр гурван сайдыг томилсон бөгөөд (тэдний нэг нь Даниел юм). Учир нь хаанд ямар нэг төвөг учруулахгүйн тулд аймгийн захирагчид сайд нарт тайлан гаргах ёстой байлаа. 3Тэгэхэд өнөөх Даниел ер бусын сүнсийг авсан тул сайд нар, аймгийн захирагчдаас тодорч эхэлсэн бөгөөд хаан түүгээр бүх хаанчлалыг захируулахаар төлөвлөж байв. 4Иймээс сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниелыг буруутгах үндсийг эрсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч завхрал олсонгүй. Харин ч тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайхрамжгүй байдал, эсвэл завхрал олдсонгүй. 5Тэгээд тэр хүмүүс
-Энэ Даниелаас өөрийнх нь Бурханы хуулийн талаар л олохгүй бол түүнийг буруутгах үндсийг бид олохгүй нь гэж хэлэлцэв. 6Тэгээд эдгээр сайд нар болон аймгийн захирагчид хуйвалдан, хаанд очиж,
-Дариус хаан минь, мөнх насалтугай! 7Хаанчлалын бүх сайд, аймгийн захирагчид, цэргийн ноёд, зөвлөгчид ба түшмэд хэлэлцээд, хаанаас нэгэн тогтоол гаргаж, тушаал мөрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Энэ нь гуч хоногийн туршид хаантан минь, танаас өөр аль нэг бурханд, эсвэл хүнд гуйлтаа өргөсөн этгээд арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм. 8Хаан минь, одоо энэ тушаалыг гаргаж, Меде, Персийн хувиршгүй хуулийн ёсоор түүнийг дахин өөрчлөхгүйн тулд энэ албан бичиг дээр гарын үсгээ зурагтун гэв. 9Тиймээс Дариус хаан албан бичиг буюу тушаал дээр гарын үсгээ зурав.
10Тэрхүү албан бичигт гарын үсэг зурсныг Даниел мэдсэн үед гэртээ ороод, (дээд давхрын өрөөндөө тэрээр Иерусалимын зүг уруу харсан онгорхой цонхтой байлаа) урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн, Бурханыхаа өмнө залбиран, талархал өргөж байлаа. 11Тэр хүмүүс хуйвалдан ирж, Даниелыг Бурханыхаа өмнө гуйлт хүсэлтээ өргөж байхыг олж харав. 12Тэд хаанд очин, хааны тушаалын тухай сануулж
-Хаантан минь, гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд, эсвэл хүнд гуйлтаа өргөсөн хэнийг ч болов арслангийн нүхэнд хаях болно гэсэн тушаалд гарын үсгээ зурсан биш үү? гэсэнд, хаан хариулан
-Энэ тунхаглал Меде, Персийн хувиршгүй хуулийн ёсоор үнэн зүйл юм гэв. 13Тэгэхэд тэд хаанд хариулан,
-Иудагаас ирсэн олзлогдогсдын хүмүүсийн нэг Даниел, хаан минь, таныг болон таны гарын үсгээ зурсан зарлигийг ч үл ойшоон, өдөрт гурван удаа гуйлтаа өргөсөөр л байна гэв. 14Хаан энэ тунхаглалыг сонсонгуутаа гүн уй гашууд автаж, Даниелыг аврахаар оюун санаагаа чиглүүлжээ. Даниелыг хэлтрүүлэхээр тэрээр нар жаргатал бүх хүчээ гаргав. 15Дараа нь тэр хүмүүс хуйвалдан, хаан дээр ирээд,
-Хаантан минь, Меде, Персийн хуулийн ёсоор хааны тогтоосон тушаал, эсвэл тогтоол өөрчлөгдөж болдоггүй гэдгийг мэдтүгэй! гэв.
16Тэгээд хаан зарлиг буулгаж, Даниелыг авчирч, арслангийн нүхэнд хаяв. Хаан Даниелд
-Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чинь чамайг Өөрөө аврах болно гэв. 17Чулуу өнхрүүлэн авчирч, нүхний амыг таглав. Даниелын талаар юу ч өөрчлөхгүй байхын тулд хаан өөрийн болон өөрийн язгууртнуудын тамган бөгжөөр түүнийг тамгалж лацдав. 18Хаан ордон уруу буцаад, мацаг барин шөнийг өнгөрүүлсэн бөгөөд ямар ч зугаацуулах зүйлийг үзээгүй, нойр нь ч хулжжээ.
19Ингээд хаан үүрээр, өдөр эхэлж байхад босож, арслангийн нүх уруу яаран очив. 20Тэрээр Даниел уруу, нүх уруу дөхөж очоод зовсон дуугаар хашхирч, Даниелыг дуудаж
-Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв. 21Даниел хаанд хариулан
-Хаантан минь, мөнх насалтугай! 22Миний Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан бөгөөд арслангууд надад хор учруулсангүй. Харин ч би Түүний өмнө гэмгүйд тооцогдож, бас хаан минь, танд ямар ч гэм хийгээгүй гэв. 23Хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаасан. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүний биед ямар нэг гэмтэл байсангүй. Яагаад гэвэл тэр өөрийн Бурханд итгэсэн бөлгөө. 24Дараа нь хаан зарлиг буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран, тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэднийг дарж, бүх ясыг нь хугалан буталжээ.
25Тэгээд Дариус хаан бүх газар нутагт амьдарч байсан бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэнд захидал бичиж, “Та нарын амар амгалан бялхах болтугай. 26Миний хаанчлалын хэсэг бүрд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн гэдгийг би тушааж байна.
Яагаад гэвэл Тэрбээр амьд Бурхан бөгөөд үүрд мөнх хувиршгүй.
Түүний хаанчлал устгагдашгүй хаанчлал,
Түүний эрх мэдэл мөнхөд байх болно.
27Тэрээр тэнгэр ба газарт аварч, чөлөөлж,
Гайхамшиг болон тэмдгүүдийг үйлддэг.
Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан билээ” 28Ийнхүү Дариус болон Персийн Корешийн хаанчилсан үед Даниел амжилт олсоор байв.