2 1Харин хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийн дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, өөрсдийнхөө дээр түргэн сүйрлийг авчран, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна. 2Олон хүн тэдний тачаангуй явдлыг дагах бөгөөд тэднээс болж үнэний зам муугаар хэлүүлэх болно. 3Тэд шуналдаа худал хуурмаг үгсээр та нарыг ашиглана. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, тэдний сүйрэл унтчихаагүй байна.
4Учир нь хэрэв Бурхан нүгэл үйлдсэн тэнгэр элч нарыг хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэлийн төлөө хадгалсан бол, 5эртний ертөнцийг хэлтрүүлэлгүй, харин бурханлаг бус хүмүүсийн ертөнц дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг өөр долоон хүний хамт хамгаалсан бол, 6хожмын бурханлаг бус хүмүүст жишээ болгохын тулд Содом ба Гоморрагийн хотуудыг үнсэн товрог болгосноор ялласан бол, 7ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол, 8(учир нь тэрхүү зөвт хүн тэдний дунд амьдрах зуураа өөрийн харж, сонссон тэдний ёс бус явдлаас болж зөвт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналан зовж байлаа) 9бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэддэг. 10Ялангуяа ялзарсан хүсэл тачаалд махан биеэ өөгшүүлдэг, эрх мэдлийг үл тоомсорлодог хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэднэ.
Эрэмгий, дур зоргоороо авирлагч тэд тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айн чичирдэггүй. 11Сүр хүч болоод хүч чадлаар агуу тэнгэр элч нар Эзэний өмнө тэдний эсрэг доромжлолын шүүлтийг авчирдаггүй. 12Харин тэдгээр нь баригдаж устгагдахын тулд л зөнгөөрөө байдаг адгуус болон төрж байдаг ухаангүй адгуус шиг мэддэггүй зүйлээ доромжлон тэдгээр адгууснуудтай адил мөн устгагдана. 13Ингэхдээ тэд буруу үйлийнхээ төлөөст зовдог. Өдрийн цагаар наргиж, цэнгэхийг тэд жаргал хэмээн тооцдог байна. Толбо, өө сэв бүхий тэд та нартай хамт найрлахдаа өөрсдийн хуял тачаалдаа цэнгэдэг. 14Нүд нь завхайрлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үйлдэхээ хэзээ ч больдоггүй. Тэд тогтворгүй сэтгэлтэнгүүдийг уруу татдаг бөгөөд шуналд дадлагажсан зүрхтэй хараалын хүүхдүүд юм. 15Тэд зөв шулуун замыг умартан, зөвт бус байдлын хөлсийг хайрлагч Беорын хүү Балаамын замыг даган төөрөлджээ. 16Гэвч Балаам үйлдсэн гэм нүгэлдээ зэмлэл хүртсэн билээ. Хэлгүй илжиг хүний дуугаар ярьж, тэр эш үзүүлэгчийн солиорлыг номхтгосон аж.
17Тэд бол усгүй булаг, шуурганд туугдах манан будан юм. Тас харанхуй нь тэдний төлөө бэлтгэгджээ. 18Учир нь тэд хоосон ихэрхэг үгсийг ярьж, алдаа төөрөгдөл дотор амьдардаг нэгнээс арай ядан зугтдаг хүмүүсийг махан биеийн хүсэл, тачаалаар уруу татдаг бөгөөд 19хүмүүст эрх чөлөөг амладаг атлаа өөрсдөө ялзралын боол билээ. Учир нь хүн юунд дийлдэнэ, түүгээрээ боолчлогддог ажээ. 20Хэрэв тэд ертөнцийн бузар бусармагаас Эзэн ба Аврагч Есүс Христийн мэдлэгээр ангижирсныхаа дараа тэдгээрээр дахин урхидуулан дийлдвэл тэдний хувьд сүүлчийн байдал нь эхнийхээсээ бүр дордох болно. 21Учир нь зөвт байдлын замыг мэдээд, өөрсдөд нь өгөгдсөн ариун тушаалуудаас нүүр буруулан эргэснээс энэ замыг мэдээгүй байсан нь тэдэнд дээр байх байсан. 22Тэдний хувьд “Нохой бөөлжсөө долоодог, гахайг угаасны дараа шаварт буцаж хөлбөрдөг” хэмээх үнэн сургаалт үгийн дагуу тохиолдсон аж.